Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 7 хөтөлбөр энэ онд хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-28 16:07:48

Шийдлийн Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, салбарын асуудлаар мэдээлэл хийлээ. 

Хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгааг мэдээллийн эхэнд тодотгов. Тухайлбал Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд сурч буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг олон өөрчлөлт орно. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жижиг зээлийг батлан даах, зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлтийг уян хатан тогтоох чиглэлээр холбогдох зохицуулалтыг  тусгах юм байна. Үүнээс гадна тус салбарын суурь хуулийн нэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн болсныг Г.Баярсайхан сайд онцлов. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өнгөрөгч онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн дүнд улсын хэмжээнд хэрэгжүүлж, 50 мянга гаруй иргэнийг хамруулан, 30 мянга гаруй  ажлын байр бий болгожээ. Харин энэ онд эдгээр хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” гэсэн долоон хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх юм байна.

Үүнээс гадна жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй эрхлэлтийн сургалт явуулах, борлуулалтын болон ажлын байрны дэмжлэг үзүүлэх, бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах, ажил олгогчийг дэмжих, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох, оюутан, суралцагчдыг цагийн ажилд зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучлах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчин өрхийг малжуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэх аж.

Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж буй “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд “Монголын төмөр зам” ХК-иас Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай найман мэргэжлийн 3362 хүний захиалга ирүүлснийг сургалтад хамруулж эхэлсэн байна. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ