Ерөнхийлөгчид өрсөлдөх бол нэгдүгээр сарын нэгнээс ажлаа өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-29 19:10:10

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей, Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төсөлд "Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын нэгний өдрөөс өмнө, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна" хэмээн тусгажээ.

Чуулганы хуралдааны өмнө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн С.Баярцогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан юм. Иймд хуралдааныг даргалагч хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал явуулахад олонх дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Б.Туул

Холбоотой мэдээ