МАН хүүхдийн мөнгийг сар шинийн өмнө олгохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-01 15:39:10

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж буй Монгол Улс байнга төвийг сахих тухай асуудлыг хэлэлцээд судлах шаардлагатай гэж үзжээ.

Бүлгийн мэдээллийг бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар хийсэн юм. УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэхдээ Монгол Улс байнга төвийг сахих тухай асуудлыг дөрвөн чиглэлд тогтож хэлэлцлээ. Нэгдүгээрт, Үндсэн хуулинд болон өнөөгийн үйлчилж буй бусад хууль тогтоомжид өөрчлөлт шаардлага үүсч магадгүй. Хоёрдугаарт, одоогийн хэрэгжүүлж буй олон тулгуурт идэвхтэй гадаад бодлого хумигдаж болзошгүй. Гуравдугаарт, хоёр хөрш орны харилцаанд барьж буй түншлэлийн асуудлыг эргэн харах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, улс орны нэгдсэн гадаад бодлогод аливаа улстөрийн хүчнүүд ойлголцлын хувьд ямар нэг зөрчилдөөн үүсч байгаагүй. Иймээс бүх талын эргэлзээг арилгасны дараа энэ асуудлыг шийдэх ёстой гэсэн юм.

Бүлгийн дарга С.Бямбацогт “Цагаан сарын өмнө нэг, хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай. Үүний зэрэгцээ ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувь руу, малчны зээлийн хүүг жилийн 10 хувь руу оруулах асуудлыг сар шинээс урьтан эрх баригчид шийдэх ёстой" гэсэн байр суурь илэрхийлэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ