Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан, гомдол ихсэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 09:41:53

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2016 оны анхдугаар хуралдаан аймгийн ЗДТГ-т болж, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн дараагийн хурлаар дахин оруулж батлуулахаар тохирлоо.

Мөн энэ 1-р сард тус салбар хороонд “Ажлаас үндэслэлгүй халагдсан” тухай өргөдөл ирснийг хорооныхоо дүрэм, журмын дагуу зөвлөмж гарган талуудад хүргүүлжээ. Нийгэм эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед ААНБ-ууд орон тооны цомхотгол хийх асуудал ихэсч байгаатай холбогдуулан хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд үзлэг, хяналт хийх, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэх явцад, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зөрчил, гомдол, ажлаас халсны тэтгэмжийн асуудал, цалин хөлс тогтоолт, нэмэгдэл хөлсний талаарх зөрчлүүд гарсаар байгаа аж. Иймээс хөдөлмөрийн харилцааны асуудлаар санал гомдолтой иргэд тус салбар хороонд хандаж хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авч болох гэнэ.

Тус хорооныхон 2015 онд сумдын хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай 7, ажилгүйдлийн тэтгэмж олгуулах тухай 2, цалин хөлстэй холбоотой 6 нийт 15 өргөдөл ирснийг салбар хорооны дүрэм, хуулийн хүрээнд шийдвэрлэснээр 3 иргэнийг эргүүлэн ажилд томилуулсан, 2 иргэнийг ажилгүйдлийн тэтгэмжид хамруулсан, 9 иргэдийг хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэн зөвлөмж хүргүүлэн ажиллажээ. Энэ хамт олон 2016 он  ажил олгогч, ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ААНБ-уудад хөдөлмөрийн харилцааны асуудлаар үзлэг хяналт хийх, зөвлөмж өгөх тал дээр түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна. Тус хорооны бүрэлдэхүүнд төр захиргааны байгууллага, аймгийн ҮЭХ, аймгийн АҮЭНХ-ны төлөөллүүдээс бүрдсэн 9 хүн ажилладаг бөгөөд аймгийн 17 сум, 6 тосгодод салбар хороодтой ажээ. Эдний гол зорилго нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд хөдөлмөрийн тухай хууль, холбогдох эрх зүйн актуудын дагуу хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэдэг бөгөөд хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль тогтоомжийн биелэлтэнд үзлэг хяналт хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий байгууллага ажээ.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ