Иргэдийн ташаа мэдээлэл нийслэлийн бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-02-02 13:56:53

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаас болж хүний эрх зөрчигдөж байна гэх мэдээлэлд Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас залруулга хийлээ.

Нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг хамарч байгаа томоохон төсөл болох гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжээд 3 жилийн хугацаа өнгөрч байна. Харин энэ хугацаанд дахин төлөвлөлтөд хамарсан иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн тухай мэдээлэл хэд хоногийн өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тухайлбал “Нийтийн эрхийг хамгаалах хороо” ТББ-ын төлөөлөл болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэн Г.Цэрэнбат “Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжтэй гурван талт гэрээ байгуулснаар газраа чөлөөлсөн боловч өнгөрсөн хоёр  жилийн хугацаанд түрээсийн зардал аваагүй, хуучин хашаа байшингийн үүд хаалгыг таглаж, цахилгааныг нь тасалсан тул одоогоор амьдрах газар байхгүй гудамжинд гарсан”, 11 дүгээр хорооны иргэн Ж.Туул  “Иргэний газрыг бага үнээр үнэлэн, худалдаж авах гэрээ байгуулан, хүчээр газраа чөлөөлөхийг шаардсан, орон байрыг нь нураан сүйтгэж, ноцтой хохирол учруулсан” гэсэн мэдээллийг цацаад байгаа юм.

Тиймээс уг мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга М.Энхбаатар болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “ЖиДи” ХХК, “Бэрэн девелопмент” ХХК-ийн төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийв. М.Энхбаатар энэ үеэр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжсэнээс хойш 7700 гаруй орон сууцны барилгын ажил эхэлж, 2000 гаруй нь ашиглалтад орсон. Иргэдийн эрх ашиг зөрчигдсөн гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй бөгөөд цаашлаад Улаанбаатар хотын бүтээн байгуултын ажилд сөргөөр нөлөөлж байна” гэв.

Мөн төсөл хэрэгжүүлэгч “ЖиДи” компани нь иргэн Г.Цэрэнбаттай 2013 оны 10 дугаар сард хоёр талт гэрээ байгуулсан ч иргэний газар эхний ээлжийн барилга угсралтын талбайд ороогүй тул төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс газраа чөлөөлөхийг шаардаагүй, газар чөлөөлсөн тохиолдолд түрээсийн зардлыг иргэн өөрөө хариуцахаар гэрээнд тусгасан гэж тайлбарлав. Түүнчлэн орон сууц ашиглалтад орох хүртэл хашаа байшиндаа амьдрах бүрэн боломжтой байсан гэв.

Харин иргэн Ж.Туул нь тус газрынхаа хууль ёсны өмчлөгч, эзэмшигч биш бөгөөд төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн девелопмент” компанийн зүгээс гэрээнийхээ дагуу газраа чөлөөлөхийг удаа дараа шаардахад Ж.Туул, Х.Даваасүрэн, Т.Гантулга нар тухайн ажилчдыг хэл амаар доромжлон зодож, улмаар бие эрхтэнд нь гэмтэл учруулсан байна. Энэ хэргийг Дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Х.Даваасүрэн, Т.Гантулга нарын гэм буруутайг тогтоосон гэлээ.

С.Сайнзаяа

 

Холбоотой мэдээ