ШУТИС 250 сая төгрөгийн өртөг бүхий цахилгаан тоноглолын лабораторитой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-02-02 13:59:15

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон Швейцарийн АББ группын нэрэмжит цахилгаан тоноглолын лабораторийн нээлтийн ажиллагаа өнөөдөр ШУТИС-ийн II байранд боллоо.

Тус группын Монгол дахь төлөөлөгчийн газар нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 250 сая төгрөгийн лабораторийг хандивлаж байгаа  юм.

Тус лабораторийг нээснээр цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнууд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик дадлага эзэмших, цаашид ажил дээр гараад ашиглалт явуулах боломжтойгоос гадна Монгол Улсын эрчим хүчний салбарын инженерүүдийн мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд ихээхэн тус дөхөм болох юм.

Энэхүү лабораторид Монгол Улсын цахилгаан түгээх сүлжээ, дэд өртөөнд өргөн ашиглаж болохуйц хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ.

Швейцарийн АББ групп нь эрчим хүч болон автоматжуулалтын технологиороо дэлхийд тэргүүлдэг компани бөгөөд шинэ техник технологи, инновацийн шийдлүүдийг гаргах, хөгжүүлэх, нэвтрүүлэхэд манлайлсаар иржээ. Дэлхий даяар тус группын 7 судалгааны нэгдсэн төвд 8500 эрдэмтэн, дизайнер, инженер шинэ технологийг бүтээх, сайжруулах ажлыг тасралтгүй хийхээс гадна дэлхийн 70 томоохон их, дээд сургуулиудтай хамтран ажиллан, судалгаа шинжилгээний ажилд жилдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийдэг байна. Монгол Улсад төлөөлөгчийн газраа 2013 онд байгуулж, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай олон ажил хэрэгжүүлжээ.

ШУТИС-ийн ректор, доктор, профессор Б.Очирбат хэлэхдээ, “Энэ лаборатори бол манай их сургууль, АББ группын урт удаан хамтын ажиллагааны үр дүн болж байна. Мөн сургалтын хөтөлбөрөө шинэчлэн, орчин үеийн чадварлаг инженерүүдийг бэлтгэх зорилт тавин ажиллаж байгаа бидний үйл ажиллагааг дэмжсэн хөрөнгө оруулалт боллоо. Энэ лабораторид зөвхөн манай оюутнууд биш Монгол Улсын аж үйлдвэр, эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудын  мэргэжлийн дахин сургалтыг зохион байгуулж, тухайн салбарын инженерүүдэд шинэ техник, технологид суралцах, нэвтрүүлэхэд чухал" гэв.

Нээлтийн үеэр АББ группын нэрэмжит лабораторийг хүлээлгэн өгч, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжав, АББ группын Төлөөлөгийн газрын дарга С.Эрдэмбаяр нар гарын үсэг зурсан юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ