Жолооч нарын 10 онооноос хасах журам хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-02-02 16:27:14

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” өчигдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн яам, ЦЕГ, Замын цагдаагийн газар хамтран зөрчлийг хэрхэн тооцох, оноог хэрхэн хасах зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын /ЗХАБ/ тухай хуулийг шинэчлэн батaлсаны дагуу жолооч нарт зөрчлийн бүртгэлийн оноо тооцох болсон. Энэ ажил өнгөрөгч нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан ч зарим бэлтгэл ажлыг хангах шаардлагын үүднээс хоёрдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан юм.

Журамд зааснаар зөрчлийн онооны дээд хэмжээ 10 байхаар заасан бөгөөд ЗХАБ-тай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах байдлаар хасaхаар заасан. 

1 оноо хасах зөрчилд:

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоог шилжүүлсэн /192.000/

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн /48.000, 19.200/

-Хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй /9.600/

-Зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй /9.600/

-Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон /19.200/

-Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн /19.200/

-Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн /96.000, 192.000/

2 оноо хасах зөрчил:

-Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /192.000/

-Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд жолоог шилжүүлсэн /96.000/

-Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон /96.000/

-Зам тээврийн осолд холбогдсон жолооч ЗХД-д заасан үүргээ биелүүлээгүй /96.000/

-Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн /19.200/

-Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн /19.200/

-Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй /9.600/

-Тоормозны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон /48.000/

3 оноо хасах зөрчил:

-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн /48.000/

-Тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой, хууль тогтоомж зөрчсөн /96.000/

5 оноо хасах зөрчил:

-Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн болох нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд буруутай жолоочоос хасна.

Үүнээс гадна тухайн жолооч оноо хасуулаад нэг жилийн дотор зөрчил гаргаагүй, мөн өмнөх торгуулиа бүрэн төлсөн тохиолдолд үлдсэн оноо дээр нь зөрчлийн оноог нэмэх, харин зөрчил гаргаад хоёр жилийн дотор зөрчил гаргаагүй тохиолдолд 10 оноог нэмж өгөх урамшуулалтай юм байна. Харин оноо нь дууссан тохиолдолд зохих сургалтанд хамрагдаж шалгалтаа өгсөний дараа буцаж сэргэх аж.

Он гарсаар нийт 476 зөрчил бүртгэгдсэний 400 нь 1 онооны, 74 нь 2 оноо, 2 нь 3 онооны зөрчил байжээ. Гэхдээ туршилтын хугацаанд жолооч нарын онооноос хасаагүй юм. Харин өчигдрөөс эхлэн журам албан ёсоор хэрэгжиж байгааг жолооч нарт ЗЦГ-аас анхааруулж, ЗХАБ-ын хангаж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.  

С.Сайнзаяа

 

Холбоотой мэдээ