Ард нийтийн санал асуулгын хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэх болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-04 17:00:43

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааны эхэнд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Н.Батбаяр нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн нөхцөлд ард түмний дунд санал асуулга хийж болно гэсэн зохицуулалт тусгаж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр “УИХ-аар гурван удаа оруулаад дэмжигдээгүй асуудлаар ард түмнээс санал асууж болно”, “Ард түмнээс авах саналыг илээр биш нууцаар авна”, “Ард түмнээс санал асуухаар болсон бол үүнийгээ сонгуулийн нэгэн адил 65 хоногийн өмнө товлон зарлана”, “Санал асуулгыг Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулна” гэсэн санал гишүүдийн дэмжлэгийг хүлээлээ.
Ингээд санал хурааж дууссаны дараа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв. 
Үүний дараа Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч хууль санаачлагч нь хойшлуулах санал гаргасан учир хэлэлцсэнгүй. 
Үүний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж холбогдох байнгын хороодод шилжүүлэв. 
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ