Нийслэлээс 550 км алслагдсан сум татварын хөнгөлөлт эдэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-05 17:00:46

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Хуулийн төсөлд аймгийн төв нь нийслэлээс 600 км-ээс алслагдсан Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймагт байнгын үйл ажиллагаа явуулан, 3-аас доошгүй ажлын байр бий болгож нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан аж ахуйн нэгжийн төлөх орлогын албан татварыг 600 км-ээс дээш алслагдсан бол 50 хувь, 1000 км-ээс дээш алслагдсан бол 90 хувь хөнгөлөхөөр тусгасан.

Ингэхдээ ашигт малтмалын хайгуул хийх, ашиг тмалтмал ашиглах, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, авто зам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээс бусад үйл ажиллагаанаас олсон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3-т заасан татвар ногдох орлогыг дээрх хөнгөлөлтөнд хамруулахгүй байхаар тусгасан байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын горимын саналыг гишүүд дэмжиж, хуулийг  2017 оны  нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөхөөр болов. Мөн аймгийн төв нь 600 км-ээр алслагдсан бол хэмээн оруулж ирсэн бол 550 км болгож, түүний зэрэгцээ аймгийн төв гэлтгүй тухайн сум нийслэлээс дээрх зайгаар хол бол хуулийн үйлчлэлд хамрагдах аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ