АСЕМ-д ашиглах машиныг татвараас чөлөөлөхөөр болов

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-02-05 17:10:05

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд АСЕМ зочид төлөөлөгчдийн үйлчилгээнд ашиглах 320-350 автомашиныг татвараас чөлөөлөх асуудлыг тусгасан юм. Хэлэлцүүлгээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр хуулийн төслүүдийг батлахыг дэмжлээ.

Үүний дараа нь гишүүд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Мөн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

Мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны  Баялгийн сангийн хөгжлийн туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн орны онцлогт тохирсон суурь зохицуулалтыг бий болгож, уул уурхайн олборлолтоос орж буй орлогыг зөв менежментээр удирдах замаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан “үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах” зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Холбоотой мэдээ