Хөдөлмөрийн баатар, гавъяатуудад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-06 01:47:02

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар цагаан сарын шинийн нэгний өмнө уламжлалын дагуу аймгийнхаа хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, гавъяатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Засаг дарга хэлэхдээ:-“Хийж бүтээх залуу халуун насаа Дархан хотын бүтээн байгуулалтад зориулсан хөдөлмөр зүтгэлээ төр засгаар өндөр үнэлүүлсэн хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, гавъяатуудаа үндэсний том баяр болох сар шинийн өмнө хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна” гэв.

1997 оноос эхлэн аймгийн Засаг дарга тус аймгаас төрсөн хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт гавъяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг болсноор энэ жил 19 дах жил болж байгаа юм. 

Тус аймгаас Ж.Жамъяншарав, Ц.Чимэд, Ж.Батдэлэг, Д.Лида, Х.Цагаанбаатар нарын нийт 12 хөдөлмөрийн баатар, С.Цэрэн, Т.Баяраа, В.Довжид, С.Гомбосүрэн нарын дөрвөн төрийн соёрхолт, 42 гавъяат цолтон төржээ. Энэ удаагийн ёслолд хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, гавъяатууд нийлсэн 37 хүн оролцлоо. Улс орон, аймаг хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж төр түмэндээ хүндлэгдсэн эрхэмүүд аймгийн удирлагуудад ард иргэд,төрөлх хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө улам хичээнгүйлэн ажиллаж олон бүтээн байгуулалтыг бий болгохыг ерөөлөө.

                                                                                                                Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ