Улсын сайн малчид шагналаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-08 15:47:41

Улиран одож буй морин жилдээ буянт мал сүргээ өсгөн үржүүлж Монгол Улсын сайн малчны болзол хангасан малчдад аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон албаны бусад хүмүүс шагналыг нь гардууллаа.

Айраг сумын Нүдэн багийн малчин Б.Цогоо, түүний гэргий Т.Дэмбэрэл нар Засгийн газрын шийдвэрээр "Монгол Улсын сайн малчин" алдрыг хүртсэн юм. Тэд 1998 онд Айраг сумын анхны мянгат малчин /түмэн сүрэг/ цол хүртэж байснаас хойш 2015 оны жилийн эцсээр 1066 мал тоолуулжээ. Өнгөрөгч хонин жилийн босгон дээр Их жаргалан булагт нутаглах Г.Эрдэнэбулган "Улсын сайн малчин" цол хүртэж байсан бол бичин жилийн босгон дээр тус нутгаас улсын сайн малчин тодорсон нь Айраг сумын нэг бууц, уснаас улсын цол хүртсэн хоёр дахь тохиолдол болж байгаа аж.

Сайхандулаан сумын Жаргалант багийн малчин Ж.Бүрнээбаатар олон жилийнхээ нөр их хөдөлмөрийн үр шимээр улсын сайн малчны болзлыг хангалаа. Тэрээр 2015 оны жилийн эцсээр 1450 гаруй толгой мал тоолуулсан бөгөөд малын үүлдэр угсааг сайжруулах, уламжлалт нүүдлийн мал аж ахуй, өв соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд залуу нас ажил хөдөлмөрөө зориулжээ.

Тэднийх сумын төвөөс баруун хойш Жаргалантын буурал овоо гэдэг газар өвөлжиж өвлийг өнөтэй давж буй. Ж.Бүрнээбаатар гуай аймгийн алдарт уяач төдийгүй улс бүсийн наадамд олон айраг түрүү авч байсан сайн уяач аж. Сайншанд сумын гуравдугаар багийн малчин Ч.Ганхуяг мал аж ахуйн салбарт 25 жил хөдөлмөрлөж улсын сайн малчин боллоо.

Тэрээр өмнө нь сум, аймгийн сайн малчин болж байсан бөгөөд 2015 оны жилийн эцсээр 1800 орчим толгой мал тоолуулсан төдийгүй мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тарга хүч авахуулах, хашаа хороо, хадлан тэжээл авах гээд малчин хүний цаг наргүй их ажилд амьдралаа зориулсан шилдэг малчин юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ