Өвөлжилт хүндэрсэн ч хорогдол багатай байна

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 10:43:16

Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус, Цэнгэл сумын малчид өвөлжөө нь цастай болохоор Даян нуур чиглэлийн хаваржаагаа бараадаж эхлэв. Нүүдлийн зам хол, хаваржаа нь мөн адил цастай боловч малчдын тэнд бэлдсэн өвсний нөөцтэй юм байна.

Мал төллөх дөхөж, ихэнх нь гардан тэжээгдэж байгаа ч одоо цас хүйтний эрч буурвал хаврыг давах боломжтойн дээр малын хорогдол харьцангуй бага бөгөөд халдварт өвчнөөр хорогдсон малын тоо өнгөрсөн жил урьд оныхоос нэг дахин буурлаа гэж аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Харин хүмүүсийн сахилга хариуцлага сул байж дэглээм сахиагүйн улмаас 2015 оны сүүлчээр Алтай, Буянт суманд шүлхий өвчин гарсан. Уг онц халдварт өвчин таслан зогсоогдсон ч энэ өвчин гарсаны харгайгаар мал гадаад, дотоодын зах зээлд гарч чадаагүйгээс болж үнэ нь хямдарч, малчдын орлого хомсдлоо. Өнгөрсөн онд аймгийн төл мэнд бойжсоноор мал сүрэг 140 мянган толгойгоор өссөн. Энэ жил уг амжилтаа бататгавал алдагдсан гарз хохирлоо нөхөх боломжтой тул малчид үлдсэн хугацаанд нөөц бололцоогоо сайн дайчлан ажиллавал зохино гэж тус байгууллагын дарга Ж.Онгар ярилаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ