Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын сурын холбоо улсад тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 13:45:20

ХYII жарны модон хонин жилд Монгол Улсын сурын холбооны “Шилдэг”-ээр Цагаан-Овоо сум шалгарч, сар шинийн босгон дээр шагналаа гардлаа. 

Тус холбооны Улсын мэргэн Г.Лхамсүрэн, буриад сурын спортын мастер, үндэсний сурын спортын мастер М.Одмандах, буриад сурын аймгийн мэргэн Б.Энхбат, Улсын мэргэн Б.Ганбаатар, сумын мэргэн Д.Гармаа, өсөх идэр мэргэн Ч.Төрболд, Ч.Бүжин нар улсын чанартай тэмцээнд оролцож амжилт гаргасан нь улсад тэргүүлэх гол шалгуур үзүүлэлт болов.

Цагаан-Овоо сумын сургуулийн 17 дугаар төгсөлтийнхөн сумандаа сурын талбай байгуулахад гар бие оролцож, нутгийн иргэн Эрдэнэбаатар, Цацралаа нар тохижилтод нь зориулж 10 сая төгрөгийн хандив туслалцаа үзүүлжээ.

 Урт нь105, өргөн нь 68 м хэмжээтэй сурын шинэхэн талбайд Ардын хувьсгалын 94 жилийн ойн сурын харваанд тэргүүлсэн улсын мэргэн Батбаатар, улсын хошой мэргэн Энхтунгалаг, улсын гоц мэргэн Хүдэрчулуун, “Петровис”-ийн баг, Алдар нийгэмлэг, Багануур, Өмнөговийн баг тамирчид ирж, цэц мэргэнээ сорьсон нь сумын сурын холбооны түүхэнд тод бичигдэх үйл явдал болов. Сумын 80 жилийн ойн эрэгтэй, эмэгтэй сурын харвааг Тоёото маркийн Ситима машинаар байлсан нь сурын түүхэнд хамгийн өндөр шагнал болсон байна.

Цагаан-Овоо сумын сурын холбоог Г.Чулуунбаатар тэргүүлж байна. Түүний аав Цэдэвийн Гүнсэн Монголын Үндэсний сурын спортын мастер төдийгүй 1982 онд  Хэнтий аймгийн бүсийн харваанд улсын мэргэн Цэвээнтэй товхолж, дэд байр эзэлж байжээ. Аавынхаа сурын төлөө гэсэн сэтгэл, залгамж холбоог үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн авч явж аймгийн аварга шалгаруулах мож харвааг аавынхаа нэрэмжит болгон зохион байгуулсан гээд ирээдүйн залуу харваачдын төлөө хийж байгаа үйл хэрэг дэмжлэг туслалцаа их юм.

Монголын ард түмний хийморь сүлд, ид хав оршсон үндэсний их бахархал, үнэт өв болсон үндэсний сурын харвааг хөгжин бадрах,түгээн дэлгэрүүлэх ариун их үйлсэд амжилт олж яваа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харваачдын сум нь мэргэн байх болтугай. 

Б.Туяа

Холбоотой мэдээ