“Сайхан Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэн Улаан-Үдэд нээлтээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын гэрэл зургийн нэгдсэн холбоо Буриадын Үндэсний музейтэй хамтран “Сайхан Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэн анх удаа Улаан-Үд хотноо нээлээ.
Уг үзэсгэлэнд Монголын чадварлаг уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүд тавигдсан бөгөөд Монгол Орос хоёр улсын найрамдалт харилцааны 95 жилийн ойд зориулан гаргаж байгаагаар онцлог юм.
Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг шалгаруулахдаа шинэлэг санаа, уран сэтгэмжийг харгалзан үзэхээс гадна орчин үеийн технологийг хэрхэн ашиглаж уран бүтээлдээ хэрэглэсэн байдлаар нь дүгнэж 50 гаруй гэрэл зурагчдын шилдэг 53 бүтээлийг дэлгэн тавьжээ. Шинэ техник хэрэглэн оддын хөдөлгөөнийг зураглан буулгасан шөнийн тэнгэрийн зураг, “Multi exposure” аргаар авсан олон утга санаат зураг, хар цагаан зургийн жанраар “HDR” өргөн цар хүрээтэй авсан зураг гэх мэт сүүлийн үеийн шинэ арга техник, зурагчдын мэргэжлийн ур чадвар шаардсан олон сонирхолтой үзмэр орсон байна.
Уг үзэсгэлэнд мэргэжлийн өндөр ур чадвартай олон гэрэл зурагчид оролцлоо. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын нэг Б.Балганцэрэн өмнө нь 2015 онд Ц.С.Сампиловын нэрэмжит уран зургийн музейд “Нүүдэлчдийн нутаг” өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан байна. Мөн түүнчлэн Б.Балганцэрэн Японы Токио, Сайтама, Йокогама зэрэг хотуудад монголын соёл, ахуй амьдралыг дэлгэн харуулж байжээ.
“Сайхан Монгол орон” гэрэл зурагчдын үзэсгэлэнд монголын ахуй амьдралын онцлог, соёл, шашин, байгалийн сайхыг дүрслэн харуулсан олон сайхан зургуууд тавигдсан байна.
Б.Ариунбаяр