З.Энхболд: АН 2004 оноос хойш хэнтэй ч эвсээгүй, эвсэх ч үгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-18 14:26:07

АН-ын удирдлагууд МоАХ-ны 26 жилийн ойн хүрээнд мэдээлэл хийсэн. Харин үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг  дэлгэрэнгүй хүргэж байна.

-УИХ-ын ээлжит бус чуулган ирц бүрдэхгүйгээс хойшилсоор байна. Шалтгааныг нь та юу гэж харж байна вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулганы ирц бүрдсэнгүй. Өнгөрсөн 26 жилд АН-д дангаар нь засгийн эрх барих боломжийг монголын ард түмэн өгөөгүй байна. Өнөөдөр АН-ын гадаадад томилолттой байгаа нэг гишүүнээс бусад нь бүгд ирсэн. Гэтэл МАХН, МАН-ынхан хуралдаа суусангүй. Энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Хүүхэдтэй холбоотой хоёр хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн эцсийн найруулгыг унших ёстой. Хэрэв ирц бүрдсэн бол дээрх хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх байсан. Ирц бүрдэхгүйд хүрвэл эдгээр хууль ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болоод байна шүү дээ. Түүнээс гадна Татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль гээд маш олон дэвшилттэй хуулийг гаргах гэхээр хуралдаа сууцгаахгүй юм.  Гишүүд хоёрдугаар сарын үлдсэн хоногуудад төлөвлөсөн ажлаа ээлжит бус чуулганаар хуралдаад дараа нь тойрогтоо очиж ажиллах хэрэгтэй. МАХН-ынхан тойрогтоо очоод Н.Энхбаярыг Шадар сайд болгоогүй болохоор хуралдаа суусангүй гэж иргэдэд ярьж явах уу. Энэ өөрсдөд нь хүндрэлтэй асуудал биш үү.

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын шийдвэр гарчихаад байхад Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчсөн асуудал гэж гишүүд хэлж байна. Хууль зөрчиж энэ асуудлыг хэлэлцэх гэж улайраад байнэ гэж харагдаж байгаа?

-ҮХЦ-ээс УИХ-ын баталсан хуулийг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Зарим зүйлийг нь хүчингүй болгосон. Жишээлэхэд, Х.Тэмүүжингийн хууль гарахаас өмнө хууль зөрчсөн гэдгийг шүүх тогтоодог байсан харин Х.Тэмүүжингийн хуулиар эрх бүхий байгууллага тогтооно гэсэн байгаа. Аль аль нь хүчингүй болсон тул Үндсэн хуульд зааснаар  хууль зөрчсөн гэдгийг УИХ өөрөө шийдээд явна. ҮХЦ-ийн дарга чинь хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэж болохгүй гэдэг бичиг ирүүлснийхээ төлөө огцрох гээд байгаа юм шүү дээ. Хуулийг хүчин төгөлдөр гэдгийг УИХ л хэлэх ёстой. ҮХЦ-д ийм эрх байхгүй. Ийм алдаанаас бол Ж.Амарсанаа огцрохдоо тулсан.

-Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж АТГ-аас үзэж Засгийн газарт энэхүү бичгийг илгээсэн гэсэн. Шадар сайдад Н.Энхбаярыг өргөн мэдүүлэх боломжгүй болж байгаа гэсэн үг үү?

-Ерөнхий сайдаас энэ асуудлыг асуух хэрэгтэй. Хэрэв тэр бичигт өргөн мэдүүлж болохгүй гэсэн бол болохгүй л байх. Болохгүй юмыг болго гэж АН-ын бүлгийг шантаачилж болохгүй шүү дээ. Бид хуулиа дагах ёстой.

-Таныг УИХ-ын гишүүдтэй дээрэнгүй харьцаж, эрхэнд нь халдан улмаар хууль зөрчиж байгаа гэх үйлдлүүд тань хэрээс хэтэрсэн гэдгийг цөөнгүй гишүүд тавьж байгаа. Өнөөдөр МАН-ын зүгээс өөрийг тань огцруулах хүсэлтийг тавихаар зэхэж байна гэсэн.

-Огт үндэслэлгүй. Ерөнхий сайдыг огцруулдаг шиг намайг огцруулна гэж байхгүй. Би угаасаа ийм ааштай хүн. Ааш зангаа өөрчлөх боломжгүй. УИХ сахилга баттай байх ёстой. Цагтаа ирдэггүй хүмүүстэй хариуцлага ярихаар урдаас өрвөлзөөд байх юм.

-АН 2016 онд МАХН-тай эвсэж сонгуульд оролцох асуудал яригдсан уу. МАН, МАХН-ууд нэгдэхээр ярилцаж хамтдаа хуралд орж ирэхгүй байна гэсэн яриа байна л даа.

-АН 2004 оноос хойш хэнтэй ч эвсээгүй. Эвсэх ч үгүй. Харин УИХ-д суудалтай жижиг намууд манай  намд нэгдэж болно. МАХН-д нэгдэх урилга явуулаагүй. Нэгдэх ч үгүй. Бид дангаараа олонхи болох зорилго тавьж ажиллаж байна. Бид 76 мянган айлыг орон сууцанд оруулмаар байна, 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна гэх мэтээр хийх ажил зөндөө байна. Энэ ажилд бидний эрх мэдэл хүрэхгүй байна. Өнөөдрийнх шиг асуудалтай тулж байна.

Энэ их хурал анх бүрдэхдээ АН 31 гишүүнтэй байсан. Одоо 35 гишүүнтэй болсон. Олонхи болоход 4 гишүүн дутаад байгаа. Хэн нэг намтай эвсэхгүйгээр, хэн нэгнийг гуйлгүйгээр  ирцээ бүрдүүлээд  хурлаа хийгээд шийдвэрээ гаргахад бидэнд 4 гишүүн дутаж байна.

АН энэ Их хуралд байгаа бүх нам, бие даагчидтай болохоосоо болохгүйг нь хүртэл эвсэж үзлээ. Эвсэж үзээгүй хүн үлдээгүй. Сүүлийн жилүүдэд олонх бүрдээгүй учир асуудал үргэлж гарч байгаа. Тийм учраас 2016 оны сонгуулиар аль нэг намыг олонхи болгох хэрэгтэй. Тэгж байж ажил хурдан явна. Бид хэдийгээр олонхи болоогүй ч ажлаа хангалттай хийсэн. Ажил авахад маш хэцүү байсан. Түүхий эдийн үнэ унасан байлаа. Бид маш зөв менежментийг санхүүгийн салбарт хийсэн. Тэгэхийн тулд хэн нэг нам, бие даагчаас ирцээ бүрдүүлдэггүй хуралдаад явах хэрэгтэй.

-26 жилийн өмнөхийг өнөөдөртэй харьцуулахад улс төрийн хямрал үүсээд байгааг юу гэж тайлбарлах вэ?

-26 жилийн өмнөх энэ өдөр би Их хуралд сууж байлаа. Тэгэхэд гудамжаар өнөөдрийнх шиг машин байгаагүй. Өнгөрсөн хугацаанд олон юм өөрчлөгдөж. Гэхдээ энэ их хурлын үед УИХ-ын гишүүдийн хариуцлага улам дордсон. Өглөө УИХ цагтаа эхэлдэггүй. Хэлэлцэж байгаа асуудалтай санал нийлэхгүй байж болно. Өглөө хуралдаа ирэх ёстой, цалингаа авч байгаа. Үүнийг хуралдаа ирэхгүй байгаа гишүүд анхаарах хэрэгтэй. 26 жилд Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ нь 500-4000 ам.доллар болж 9 дахин өслөө. Үүнийг олж харахгүй, Монгол Улс улам ядуурсан гэх улс байдаг. Тэгж хэлэх эрхийг нь бас өгсөн юм. Бид сайн зүйлээ ярьдаггүй болоод удаж байна. Манай улсад сайн зүйл зөндөө байгаа. Шударга ёс байна, авлигатай тэмцэж байгаа. Бүх хүний санаанд хүрсэн шударга ёсыг бүрдүүлж чадаагүй гэж үздэг хүмүүс байна. 26 жилийн дотор бид АНУ шиг хөгжилтэй орон болох боломжгүйн Бид 1990 оноос өмнө ярьж чаддаггүй байсан. Өнөөдөр ярьж чаддаг болж байгаа. Одоо бид төр засагт ажилладаг улсууд цалингаа авч байгаа бол ажилдаа ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж байгаа боловч энэ УИХ дотор 5 намын гишүүд байна. Гурван намын гишүүд ажилдаа ирж, хоёр нь ирэхгүй байна.

Н.Гантуяа

 

Холбоотой мэдээ