Хилчин бүсгүйд туслах аян өрнөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-22 16:54:13

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хилийн цэргийн 0101 дүгээр ангид холбоочноор 15 жил ажиллаж буй И.Пүрэвсүрэн нь элэг нэгт монголчуудаасаа хандив хүсч байна.

100 хувь элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон учраас ард түмнээсээ хандив гуйж байгаа юм.  И.Пүрэвсүрэнгийн бие 2014 оны 12 дугаар сараас эхлэн муудаж, Улаанбаатар хотод ирж шинжлүүлснээр элэгний хатуурал гэсэн өвчтэй болох нь оношлогджээ. Тэгэвч эмчилгээний хажуугаар албан ажлаа цалгардуулалгүйгээр хийсээр байсан ч өнгөрөгч оны сүүлчээр бие нь улам дордож,  элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүйд хүрчээ. Элэгний өвчлөл нь одоо дөрөвдүгээр шат хүртлээ муудаж төрсөн хүү нь элгэнийхээ 50 хувийг өгөхөөр болжээ. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын нийт өртөг 85 сая төгрөг бөгөөд одоогоор тэдний гар дээр нэг ч төгрөг алга. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 4 жилийн өмнөөс хийж, мэс засалд орсон иргэд эрүүл саруул энх тунх амьдарч байна. Тийм ч учраас эдгэрэх бүрэн найдлага түүнд бий. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хилийн цэргийн 0101 дүгээр ангийнхан нь болон, түүний нөхрийн ажлын газар болох хилийн цэргийн 0243 дугаар анги нь чадах чинээгээрээ тусалж дэмжихээ илэрхийлжээ. Мөн аймгийнх нь хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хамт олон ч бас туслалцаа үзүүлэв. Сайхан сэтгэлтэй монголчуудынхаа тусламж, дэмжлэгт чин сэтгэлээсээ найдан хандив гуйж байна. Хилчид түүнд туслах аяныг өрнүүлж Монголчууддаа хилчин бүсгүй, нэг айлын ээжид амьд явах боломж олгохыг уриалж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ