Өсвөр насныханд зориулсан “Нappy healthy life” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 13:50:46

Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж  байгааг мэргэжлийнхэн онцлох болсон. Тэр дундаа 18-30 насны залуусын дунд бэлгийн замын халдварт өвчин ихэсч, өсвөр насныхан уг аюулын эгнээг өргөсгөж байгаа гэх харамсалтай судалгааны дүн ч гарах болжээ.

Үүний гол шалтгаан нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл дутмаг, түүнчлэн гэр бүлийн гишүүдийн дунд энэ сэдэв хаалттай байдаг нь үүний бас нэгэн шалтгаан болдог байна.

Тиймээс Монголын Залуучуудын Холбоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Австралийн Засгийн Газрын тусламжаар богино хугацааны “Happy Healthy Life” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, уул уурхай хурдацтай хөгжиж, хүн ам олноор сууршиж буй алслагдсан аймаг болох Өмнөговь аймгийн Даланзадгад, Баяндалай, Гурвантэс сумдад байгаа ерөнхий боловсролын сургууль болон МСҮТ-ийн 14-17 насны залууст чиглэсэн сэтгэл зүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг явуулын сургалт хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Уг сургалт нь “Өсвөр насны залуусын сэтгэл зүйн онцлог”, “Өсвөр насны залуусын нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Гэр бүл төлөвлөлт”, Гэр бүлийн харилцаа” зэрэг сэдвээр сурагчдын оролцоонд тулгуурлан, өөрсдийнх нь асуудлуудыг илрүүлэн, тухайн сэдвийг хамтран судлах өртөөчилсөн арга хэлбэрээр явагдахаараа давуу талтай ажээ.

Сургалтыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын сургагч багш нар Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсролын газар, Эрүүл Мэндийн Газар, Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо болон сэтгэл зүйн чиглэлээр төгсөж буй оюутан залуус Монголын Залуучуудын Холбоотой хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн дунд үе тэнгийн сургагч бэлтгэж, найзууд болон дүү нартаа хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх боломжтой юм. Дээрх төсөл 02 сарын 27-ноос 03 сарын 01-ний өдрүүдэд Даланзадгад сумын 1, 4 сургууль дээр, 03 сарын 02-нд Баяндалай сумын сургууль дээр, 03 сарын 04-нд Гурвантэс сумын сургууль дээр тус тус хэрэгжинэ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ