Иран, АНУ-ын аль нь терроризмыг ивээн тэтгэгч улс вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-21 15:04:45
twitter.com/Nyamkanmk

ТЕГЕРАН. /Sputnik/. АНУ-ын Төрийн департамент лхагва гарагт терроризмыг ивээн тэтгэх үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч улсаар Ираныг нэрлэжээ. Үүний зэрэгцээ Ливан, Сири, Ирак, Йемен, Бахрейн, Афганистан зэрэг улсын дотоод асуудалд Иран хөндлөнгөөс оролцох замаар эдгээр оронд мөргөлдөөн, терроризмыг бий болгосон гэж АНУ үзжээ.


Энэ онд Сири дэх мөргөлдөөн намжиж, Иракийн сонгуульд АНУ-ыг эсэргүүцэгч Муктада аль-Садрын эвсэл ялалт байгуулсан. /Өрнөдийн хэвлэл мэдээллийнхэн түүнийг сонгуулийн өмнө Ираныг эсэргүүцэгч улс төрч Иракийн сонгуульд ялах магадлалтай байна гэж бичиж байсан бол сонгуулийн дараа Ираны талыг баримтлах чиглэлтэй Засгийн газар бүрдүүлж байна гэж бичсэн нь өөрсдийн хүсэл зоригоо тулган, нааштай үйл явдлыг харлуулах гэсэн суртал ухуулга юм./


Үүний зэрэгцээ Ливаны хувьд “Хезболлах” байгууллагатай хамтарсан Засгийн газар байгуулж, тус байгууллагын цэргийн оролцоотой байгаа хэдий ч улс төрийн хувьд тогтвортой хэвээр байна. Бахрейны хувьд ард иргэдийн олонхи нь шиитүүд, суннит засаглалтай хэдий ч улс төрийн хувьд тогтвортой байгаа гээд Ойрхи Дорнодын бүс нутагт энэ онд нааштай өөрчлөлт багагүй гарсан билээ. 


Харин Афганистаны асуудалд АНУ-ын Засгийн газар оролцож эхэлсэн буюу 2009 оноос хойш нөхцөл байдал нь тогтворгүй хэвээр байгаа бол ганцхан Йемений хувьд нөхцөл байдал хүндэрсээр байна. Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улс АНУ-д үйлдвэрлэсэн бөмбөгөөр Йеменийг бөмбөгдөж, олон тооны энгийн иргэн амиа алдсаар байна.


Хэрвээ та Өрнөдийн орнуудын хэвлэлд гарсан мэдээллийг уншвал уснаас хуурай чулуу хайхтай адил зүйл болох юм. Муктада аль-Садар Ираны талыг баримтлагч уу эсвэл эсэргүүцэгч үү? Йемений Хусит Засгийн газрыг Иран үнэхээр дэмжээд байна уу? “Хезболлах” террорист байгууллага мөн үү? зэрэг асуудлын талаар тодруулга авахаар Америк судлалын мэргэжилтэн, Тегераны их сургуулийн лекцийн багш Мохаммад Марандитай ярилцлаа.


ЛИВАН


2006 онд Ливанд Израилийн түрэмгийлэл бий болсон цагаас “Хезболлах” гэх эсэргүүцэгч байгууллага үүсгэн байгуулагдсан бөгөөд тус байгууллага нь Ливаны өмнөд нутгийг чөлөөлж, израильчуудыг улсаасаа шахан гаргасан. Тиймээс “Хезболлах” нь Израилийн хүчирхийллийн үр дүнд бий болсон байгууллага юм. Тус байгууллага Ливантай хамтран Зэвсэгт хүчин байгуулсан нь улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн асуудал бөгөөд цаашид Израилийн түрэмгийллийг таслан зогсооход хэрэгтэй гэж ливанчууд үздэг байна.


Өрнөдийн орнууд болон Саудын Арабын дэмжлэгтэй “Лалын улс”, “Аль-Каида” зэрэг босогчдын бүлэглэл Ливаны газар нутгийг хяналтдаа оруулж эхэлсэн цаг мөчөөс хойш тэднийг устгаж, эх орноосоо зайлуулах ажиллагаанд “Хезболлах” байгууллага тусалж байсан. Тэгэхээр тус байгууллагын тусламжтайгаар Ливан тусгаар тогтнолоо хадгалж, Израилийн түрэмгийллийг таслан зогсоож, “Лалын улс”, “Аль-Каида”, “Нусра Фронт” зэрэг бүлэглэлийг Ливаны газар нутагт оршин тогтнох нөхцөлийг устгасан гэж би бодож байна.


СИРИ


Сирийн хувьд Ливантай ижил түүхтэй. АНУ, Саудын Араб зэрэг гадны орнууд Сири дэх босогчдод дэмжлэг үзүүлж байсан шиг Ливанд ийм зүйл болж байсныг “Хезболлах” таслан зогсоосон. АНУ, Өрнөдийн орнууд, Саудын Араб, Израилийн дэмжлэгтэй “Аль-Каида” гэх мэт олон янзын бүлэглэлүүд Ливанд гарч ирсэн. Иран, “Хезболлах”, ОХУ зэрэг орон болон Ирак, Афганистаны сайн дурын цэргүүд эдгээр бүлэглэлүүдийг Сириэс шахан гаргасан. Эдгээрийн дэмжлэг байгаагүй бол Дамаскийн тэнгэрт хар туг намирах байсан юм. Иракт мөн адил.


Ирак, Сири, Ливан зэрэг оронд хүчирхийллийг өдөөн турхирсан орнууд бол үнэндээ “Ваххабизм” хөдөлгөөнийг дэмжигчид юм. Энэ нь 1980-аад онд Афганистанд болсон үйл явдалтай адил хэрэг юм. АНУ болон Саудын Араб 1980-аад онд Афганистанд босогчдын бүлэглэл бий болгосон бөгөөд одоо тэд энэ үйл ажиллагаагаа Сирид илүү өргөн хүрээтэй зохион байгуулсан. Босогчдыг дэмжих АНУ-ын бодлого бол шинэ зүйл биш юм. Бид энэ бодлогыг Афганистан, Төв Америк, Никарагуад харсан.


Батлан хамгаалах тагнуулын агентлагийн 2012 оны баримт бичгийг судалбал Сирийн Засгийн газрын эсрэг тэмцэх хамгийн хүчирхэг хүчин бол босогчдын бүлэглэл гэдгийг АНУ эхнээс нь мэдэж байсан. Эдгээр бүлэглэлийг Ойрхи Дорнодын бүс нутаг дахь АНУ-ын холбоотнууд, тухайлбал, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Турк болон бусад орон дэмжиж, Сири болон Иракт “Ваххабизм” хөдөлгөөнөөс үндэслэлтэй “Салафист” улс байгуулахад нь босогчдод тусалж байсан юм.


Ойрхи Дорнодын бүс нутаг дахь холбоотнуудын босогчдыг дэмжих ажиллагааг АНУ давхар дэмжиж байсан гэж тус улсын цэргийн тагнуулын агентлагийн дарга, генерал Майкл Флинн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Сири, Ирак, Ливан, Афганистанд болсон үйл явдал нь Өрнөдийн орнуудын тагнуулын агентлагууд Ойрхи Дорнодын бүс нутгийн дарангуйлагчидтай хамтран бий болгосон томоохон хэмжээний гамшиг юм.


ИРАК


Өрнөдийн орнуудын хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагууд Ойрхи Дорнодын бүс нутгийн одоогийн нөхцөл байдлыг өөрсдийнхөө хүсч байгаагаар байлгахыг хичээж байгаад гол асуудал байна. Тиймээс тэд Ираныг эсэргүүцэгч сонгуульд яллаа гэж хэлсэн. Гэвч бид үүнийг АНУ-ын талыг баримтлагч, Иракийн одоогийн Ерөнхий сайд нь энэ байр сууриа хадгалах нөхцөлгүй болсон гэж харж байгаа бөгөөд АНУ-аас хэчнээн их дарамт шахалт ирж байгааг үл харгалзан Ирантай ойрын холбоотой бүлгүүд Засгийн газрыг бүрдүүлж байна. АНУ-ын талыг баримталж, Ираныг эсэргүүцэх Засгийн газар бүрдүүлэхээр Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ирак дахь Тусгай төлөөлөгч нар Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улстай хамтран ажилласан боловч тэдний ажил бүтэлгүйтсэн.


Тэдний бичсэн түүх бодит байдлаас тэс ондоо байдаг. Иракт ардчилсан сонгууль болсныг АНУ хүлээн зөвшөөрөх ёстой. Гэвч сүүлийн үеийн дүр зураг АНУ-д таагүй харагдаж байгаа учраас Иракийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Үүний нэгэн адил Газын зурваст “Хамас” байгууллага сонгуульд ялсныг АНУ хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь АНУ Газын зурваст дарангуйлал ноёлж байхыг хүсч, дэмждэг. Ямар нэгэн сонгууль боллоо гэж бодоход үр дүн нь АНУ-ын талд гарахгүй бол тэд хүлээн зөвшөөрөхгүй.
 
ЙЕМЕН


Йеменчүүд нь америкчууд болон Саудын арабуудаар хүрээлүүлсэн байдаг нь дэлхий дээрх ер бусын зүйлүүдийн нэг юм. Тийм учраас Иран Йеменд бодит оролцоогүй байдаг. Америкчууд болон Саудын арабууд орчин үеийн хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй аймшигтай зүйлийг хийсэн бөгөөд тэр нь ард иргэдийг өвдөг дээр нь сөхрүүлэхийн тулд орон даяар өлсгөлөн бий болгосон явдал юм.


Одоогийн байдлаар Йеменд өлсгөлөн болон урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас хэдэн зуун мянган хүн амь насаа алдаад байна. Мөн дайны уршгаар хэдэн арван мянган хүн амиа алдсан. Саудын Араб эмнэлэг, сургууль, оршуулга, хуримын ёслол гээд бүхнийг бөмбөгдөж байна. Тэд Америкийн зэвсэглэл хэрэглэдэг. Америкчууд агаарын цохилт өгөх ажиллагааны үеэр нисэх хүчнийг түлшээр хангадаг. Үүний зэрэгцээ тэд Йемен рүү хоол хүнс оруулахгүй байх арга хэмжээ авч байна.


Өөрөөр хэлбэл үүнийг үй олноор хөнөөх үйл ажиллагаа гэж хэлж болно. Гэвч Өрнөдийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд нь АНУ-ын гадаад бодлогын хөтөлбөрийг дагадаг учир энэ талаар амаа хамхин өнгөрч байна. Мөн энэ дайнд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс асар их хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Йемен дэх “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Саудын Араб тэргүүтэй агаарын цохилт өгөх эвсэлтэй хамтран ажиллаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ бүс нутгийн бусад хэсгүүдэд Саудын Арабын оролцоо мөн л байгаа бөгөөд “Лалын улс”, “Аль-Каида” бүлэглэлтэй хамтран ажилладаг нь тодорхой. Харин эл үйлдлийг АНУ хүлээн зөвшөөрсөөр байгаад л хамаг учир байгаа юм. Энэ ажиллагаанд АНУ шууд, шууд бус аль нэг хэлбэрээр оролцож, дээр дурдсан хоёр бүлэглэлтэй хамтран ажиллаж байна.


Өнгөрсөн хугацаанд АНУ “Лалын улс” бүлэглэлийг хөгжүүлэхийг зөвшөөрч байсан бол одоо тэд “Аль-Каида” бүлэглэлийг аврахыг хичээж байна.


Жишээ нь, Сирийн Идлиб мужийн 70 хувийг “Аль-Каида” бүлэглэл хянадаг. Ийм зүйлийг америкчууд хүссэн. Тэд тус бүлэглэлийн байрлалд цохилт өгөхөөс урьдчилан сэргийлж байгаа юм. 9 дүгээр сарын 11-ны халдлагыг тус бүлэглэл үйлдсэн бөгөөд үүний дараа АНУ терроризмтой тэмцэх эцэс төгсгөлгүй дайн зарлаж, Афганистанаас эхлүүлээд Ирак, Сири, Ливи, Йемен гээд Ойрхи Дорнодын орнуудыг сүйтгэж байна. АНУ шууд бус замаар “Аль-Каида” бүлэглэлд тусалж, хамгаалдаг. Санаж яв, “Лалын улс” бүлэглэл тусгаарлахаасаа өмнө “Аль-Каида” байсан.


БАХРЕЙН


Бахрейны хувьд асуудал маш энгийн. АНУ-ын нийтлэг хүсэл зоригийг нухчин дардаг дарангуйллын дэглэмийг дэмждэг. Удам дамжсан дарангуйллын дэглэм нь нуран унахаас сэргийлэхийн тулд Саудын Араб Бахрейныг эзэлсэн. Саудын Арабын цэргүүд хүчирхийлэл үйлдэх, энгийн иргэдийг буудах, эсэргүүцэгчдийг хөнөөх, хүмүүсийг яллах замаар Бахрейныг эзэлсэн юм. Бахрейнд Саудын Араб өөрийн дэглэмээ тогтоосон бөгөөд үүнийг АНУ дэмжсэн. Энэ харгис үйлдлээ АНУ энгийн зүйл болгон харагдуулах гэж хичээсээр л байна.
Яг үнэндээ олон хүний амийг хөнөөж, баривчилж, шийтгэж, бүхэл бүтэн орны ард иргэдийг дарангуйлж буй ганцхан гэр бүлийг “сайн хүмүүс” гэж Саудын Арабын дэглэмийг нэрлээд, Иран бол “чөтгөр” гэж АНУ ярьж байгаа юм. Гэтэл Йемен рүү хоол хүнс, эм тариа оруулахыг хориглосон хүмүүс нь бол америкчууд, Саудын арабууд юм.


АФГАНИСТАН


Афганистаны хувьд бол үнэн инээдтэй хэрэг. “Талибан” бүлэглэл “Ваххабизм”-ийн үзэл сурталтай, Саудын арабуудын нэгэн адил этгээдүүд юм. 9 дүгээр сарын 11-ны халдлага болох хүртэл “Талибан” бүлэглэлийг Афганистаны хууль ёсны Засгийн газар гэж хүлээн зөвшөөрсөн хоёрхон улс дэлхийд байсан. Тэр нь Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, хоёулаа АНУ-ын холбоотон. Хэрвээ АНУ талибуудтай холбоогоо тасал гэж хэлбэл тэд холбоогоо тасална. “Талибан” бүлэглэл ямар үзэлтэй сурталтай вэ? гэвэл “Ваххабизм”, “Аль-Каида”, “Боко Харам” гээд бүгд л “Ваххабизм” үзэл сурталтай. Эдгээр бүлэглэлүүд Ойрхи Дорнод дахь АНУ-ын гол холбоотон болох Саудын Арабаас энэхүү үзэл суртлыг авсан юм гэж Маранди ярилаа.


Ярилцлагын төгсгөлд Марандигаас “Яг үнэн хэрэгтээ терроризмыг дэмжих үйл ажиллагаагаараа дэлхийн тэргүүлэгч орон аль нь вэ?” гэж асуухад тэрбээр, “Миний бодлоор АНУ-ын Засгийн газар” гэж хариулав.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ