Сүхбаатар сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг "Онц" үнэлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийг нүүлгэн шилrүүлэх дадлага сургууль амжилттай болж, нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулагч бүрэлдэхүүнд сургуулийн удирдагч хангалттай сайн /Онц/ үнэлгээ өглөө. Тус сум таван багийн 978 өрхийн 3253 иргэнтэй. Үүнээс 1200 иргэн нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан.
Тус сум нь анх удаа нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуулийг хийсэн бөгөөд шинэ суурьшлын бүсээ байгуулахдаа стандарт нормыг хуулийн дагуу баримтлахыг хичээсэн гэж сумын Засаг дарга Г.Хүрэлсүх ярив. Тэрээр "Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж, сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага ажиллагаанд манай сум нэг сарын өмнөөс бэлтгэсэн.
Төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд, цаашлаад ард иргэд маань их идэвх зүтгэл гаргалаа. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдсан нийт иргэддээ талархал илэрхийлье. Энэ бол бидний хамтын хүч гэв.
Сумын төвөөс зүүн тийш таван километрт шинэ суурьшлын бүсээ байгуулжээ. Тухайн газарт иргэд, албан байгууллагууд байрлахад зориулж 60 гаруй гэр барьж, дэлгүүр, банк, хоолны газар, усанд орох газар, ариун цэврийн байгууламжууд, үс түгээх цэг зэрэг нийтэд зориулсан үйлчилгээний газруудыг нэг доор төвлөрүүлсэн байна.
Харилцаа холбооны үйлчилгээг сумын Аюулгүйн бүсээс авах бүх боломжоор хангах ажлыг аймгийн Холбооны газрын ажилтнууд мэргэжлийн түвшинд ханган ажилласан нь иргэдийн талархлыг хүлээлээ. Үүрэн телефоны бүх операторуудын сүлжээ, суурин утсаар хүссэн газар луугаа холбогдож ярих, өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээг ч байрлуулсан байлаа.
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд дээрх бүсэд баригдсан гэрт хичээл, хүмүүжлийн ажлаа монгол гэрт явуулах боломжоор хангаснаас гадна, дотуур байрны хүүхдүүдийг эрэгтэй, эмэгтэй хүйсээр хувааж байрлуулах тусгай байр бэлджээ. Гамшигт нэрвэгдсэн сумыг дахин сэргээх, тайван байдалд шилжүүлэх хүртэл уг шинэ суурьшлын бүс ажиллах ёстой аж.
Харин сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга,хурандаа Б.Ууганбаяр шинэ суурьшлын бүстэй танилцсаны дараа уг ажлыг гардан гүйцэтгэсэн хүмүүс болон Сүхбаатар сумын нийт ард иргэдэд онцгойлон талархал дэвшүүллээ. Учир нь гамшиг ослын үеэр шинэ суурьшлын бүс байгуулах тохиолдолд ийм түвшинд байх хэрэгтэй. Ганц Сүхбаатар аймаг төдийгүй бусад аймаг, сумдын хэмжээнд үлгэр жишээ болохуйц бүс байгуулсан байна гэдгийг тодотгов.
Т.Одончимэг