Гамшгаас хамгаалах сургуулийн нэгдсэн дүнгээр Сүхбаатар аймаг "Онц" үнэлгээ авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, аймгийн Засаг дарга хоорондын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Сүхбаатар аймагт болсон гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурван хоногийн турш амжилттай болж нэгдсэн дүнгээр Сүхбаатар аймаг хангалттай сайн буюу "Онц” үнэлгээ авлаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр дүнгийн хурлын үеэр хэлэхдээ “Сүхбаатарчууд хамтдаа нэг зорилготой, нэг сэтгэлтэй хамгийн гол нь эв нэгдэлтэй байж чадсаны үр дүнд маш том ажлын ард амжилттай гарлаа. Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ямагт бэлэн байх нь дадлага сургуулийн зорилго.
Гэхдээ үүнээс илүү та бүхэн ямагт нэг хүсэл зорилготой, эв нэгдэлтэй байж зөвхөн ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа байж чадна гэдэг итгэл үнэмшлийг төрүүлж байгаа нь хамгийн чухал юм. Сүхбаатарчууд чаддаг гэдгээ харууллаа. Үүнд би баяртай байна. Гурав хоног үргэлжилсэн сургуулийн бүх үйл явц миний төсөөлж байснаас илүү байлаа.
Нүүн шилжих дадлага сургуульд оролцсон иргэдийн идэвх, нүүлгэн шилжүүлэлтийн зохион байгуулалт цаашлаад гамшгийн голомтод аврах, эрэн хайх ажиллагаа үзүүлсэн аврагчид үнэхээр намайг албаараа бахархах сэтгэлийг дахин төрүүллээ. Мэргэжлийн анги, албадын жагсаалын жигдрэл үлгэр жишээ болохуйц байсныг онцгойлон хэлье. Ер нь энэ удаагийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль бусад аймгуудтай харьцуулахад бүх талаараа илүү, үлгэж жишээ болох хэмжээнд байсан.
Сургуулийн бэлтгэл, зохион байгуулалт, олон зуун хүний хичээл зүтгэл, хандлага, цаашлаад гарсан өөрчлөлт зэргийг нэгтгэн үзээд Сүхбаатарчуудад "Онц" дүн тавьж байна. Та бүхнээр бахархаж байна. Хамгийн гол нь цаашид нэг зорилготой, байнгын хүсэл тэмүүлэлтэй байхыг захья. Ингээд сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон мэргэжлийн анги, албад, зохион байгуулагчид, Баруун-Урт болон Сүхбаатар сумын нийт ард иргэдэд Монгол Улсын ОБЕГ-ын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.” гэв.
Иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгуулсан хүмүүст ОБЕГ-ын нэрэмжит шагнал гардуулав. Онцгой байдлын төлөө нэгдүгээр зэргийн тэмдгээр аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Цагдаагийн газрын дарга Н.Лхагвасайхан нарын таван хүнийг, гуравдугаар зэргийн тэмдгээр гурав, ОБЕГ-ын жуух бичгээр тав, ОБЕГ-ын баярын бичгээр тав, ОБЕГ-ын сайшаалын үнэмлэхээр таван хүнийг тус тус шагнаж урамшууллаа.
Т.Одончимэг