УДШ Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүх /УДШ/-ийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр УБТЗ-ын нэхэмжлэлтэй, Л.Пүрэвбаатарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
УБТЗ -д даргаар ажилласан хоёр жилийн хугацаанд хууль бусаар хөрөнгө завшин Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууц хувьдаа захиалж, иргэний, компанийн тухай, авлигын эсрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн хэмээн үзэж Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хандаж уг орон сууцыг нэхэмжилсэн байдаг.
Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг энэ оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тус орон сууцыг Л.Пүрэвбаатарын өмчлөлд үлдээхээр шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дахин хянан хэлэлцээд орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч УБТЗ-д шилжүүлэхээр болсон.
Харин өчигдөр УДШ-ийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаж орон сууцыг УБТЗ-д шилжүүлэхийг даалгасан дээрх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр болов.