Б.Сарантуяа: Уран бүтээлчдэд дэлхийн зах зээлд бүтээлээ арилжаалах суваг нээгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-09-28 18:58:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монголын Уран зургийн галерейтай хамтран “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэн өнөөдөр “Уран зургийн галерей”-н үзэсгэлэнгийн танхимд нээлээ.

Нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Сёол урлагийн бодлогын газрын Б.Сэргэлэн, Соёл урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг болон зураач, уран бүтээлчид, урлаг соёлын ажилтнууд оролцов.

Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээлийг дэлгэжээ.



Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу Мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай. Үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа буюу шилдэг бүтээлийн батламж гардуулах ёслол ирэх сарын 11-нд болно. 

Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, “Эдийн засаг хүндрэлтэй байгаа боловч улсын санд бүтээл худалдаж авах ажиллагааг тасалдуулахгүй байхад гол анхаарлаа чиглүүлж байна. Энэ жилийн шалгаруулалт онцлог болж байна. Сүүлийн жилүүдэд улсын санд худалдаж авахаар чанартай бүтээл шалгаруулалтад оролцохгүй байгаа. Иймээс бид шалгаруулалтын  комисст мэргэжлийн судлаач, уран бүтээлчдийг оролцуулж, хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд шалгарсан бүтээлүүдээр  үзэсгэлэнд оролцож байна. Харин ирэх сарын 11-нд болох хоёр дахь шатанд шалгарсан бүтээлийг улсын санд худалдаж авна. Сүүлийн 26 жилийн хугацаанд 335 уран зураг, 82 зураасан зураг, 19 уран сийлбэр, 56 уран баримал зэрэг нийт 496 ширхэг бүтээлийг худалдан авч улсын сан хөмрөгийг баяжуулсан” гэв.



“Монголын Уран зургийн галерейд 1991 оноос хойш олны танил “Азарганы ноцолдоон”, “Өвгөн хуурч”, “Ажлын дараа”, “Талын айл” зэрэг монголын сор болсон 4000 гаруй урлагийн бүтээл хадгалагдаж байна. Энэ жилээс Монголын Уран зургийн галерейн веб сайтад шинээр “Art shop” булан нээсэн. Энэхүү буланд тавигдсан бүтээлүүд маш боломжийн үнэлгээтэй учраас манай уран бүтээлчдэд бүтээлээ олон улсын зах зээлд арилжаалах том суваг нээгдэж байна” хэмээн Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа онцолсон юм.



Үзэсгэлэн ирэх сарын 12-ныг хүртэл олны хүртээл болно.


Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ