Улсын заан Д.Амгаагийн нэрэмжит өсвөрийн бөхийн барилдаан Дашинчилэн суманд боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-04 12:15:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймгийн Дашинчилэн суманд энэ нутгийн уугуул Монгол Улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит өсвөр залуу бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаан 2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд амжилттай болж шилдгүүдээ шалгаруулав.

Энэхүү тэмцээнийг "Цэц зам Пласт” ХХК-ийн захирал, Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, Монгол Улсын начин Сэр-Одын Ганхуяг санаачлан ивээн тэтгэгчээр оролцжээ.




Тэрбээр "Булган аймгийн өсвөр залуу үеийг уламжлалт үндэсний бөхийн спортоор хичээллэх урам зоригийг идэвхжүүлэх, залгамж халааг аймгийн хэмжээнд бэлтгэх, шинэ залуу үеийн бөхчүүдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, улмаар хөгжүүлэн  дэмжих, тэдэнд биеийн тамир, бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгоход энэхүү тэмцээний зорилго  оршиж байгаа юм. Тэмцээнийг Булган аймгийн Дашинчилэн сумын ЗДТГ, сумын ЕБС-ийн хамт олон хамтран зохион байгуулсанд талархаж байна. Анх удаа орон нутагтаа зохион байгуулсан барилдааны үеэр өсвөрийн залуу бөхчүүддээ  заан Д.Амгаа “Зөв хүн болж төлөвших, амжилтад хэрхэн хүрэх тухай” лекц уншиж, өөрийнхөө амьдралын туршлага, бөхийн замнал, эзэмшсэн мэхээ заан сургаж хамтдаа бэлтгэл хийсэн. 




Дашинчилэн сумын уугуул, Монголын жүдо бөхийн академийн дасгалжуулагч, аймгийн начин Д.Батсайхан академийнхаа хүүхдүүдийн хамт хотоос ирж үзүүлэх тоглолтоо сонирхуулж, сургалт зохион байгууллаа. Миний хувьд, "Яаж зөв төлөвлөгөө боловсруулах, төлөвлөлт, стратеги гэж юу болох, залуу хүн зорилго, хүсэл тэмүүлэлтэй байж хэрхэн амжилтанд хүрч болох сэдвээр өөрийн сурсан мэдсэн туршлагаа хуваалцаж энд ирсэн өсвөр үеийнхэнд болон багш нарт лекц уншиж санал бодлоо хуваалцлаа" гэв.




С.Ганхуяг нь Новосибирск хотын Политехникийн дээд сургуулийн Цахилгаан техникийн дээд сургуулийг компьютерийн мэргэжлээр төгссөн. Мөн Тайваньд Бизнес удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1999 оны улсын наадамд С.Хүрэлбаатар заанаар  5 давж Улсын начин цол хүртсэн юм.

Улсын заан Д.Амгаагийн нэрэмжит үндэсний барилдаанд  Булган аймгийн 10 сумын 30 гаруй өсвөрийн бөх 14, 15 насны ангилалд хүч сорьж шилдгээ тодруулжээ. Барилдааны эхний гурван байрт шалгарсан бөхчүүдэд медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс гардуулсан байна.




14 насны ангилалд  уран мэхийг уралдуулан барилдсан Ч.Хүслэн /Бүрэгхангай сум/ нэгдүгээр байрт шалгарсан бол удаах байрт  С.Ууганжаргал /Могод сум/, гуравдугаар байрт Н.Төгөлдөр /Эрдмийн өргөө цогцолбор сургууль/ нар тус тус шалгарлаа. Харин 15 насны ангилалд Д.Сандагдорж /Гурванбулаг сум/ түрүүлсэн бол дэд байрт У.Жамъянсүрэн /Спортын дунд сургууль/, гуравдугаар байрыг Г.Мөнх-Эрдэнэ /БТСГ/ нар шалгарав. 




Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын заан Дэндэвийн Амгаа нь 1952 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 1975 оны Улсын их баяр наадамд У.Мижиддорж арслангаар 5 давж Улсын начин цол хүртэж байв.  Улмаар 1981 онд үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Монгол Улсын заан цол хүртсэн  байдаг.   

Улсын заан Д.Амгаагийн үндэсний Их наадмын барилдааны амжилтыг танилцуулахад: Тэрбээр 8 удаа шөвгөрсөн (1975, 1981, 1982, 1983, 1984, 1986, 1989, 1990 онд), харин Цагаан сарын барилдаанд 1983 онд үзүүрлэж байжээ. Мөн Дэндэвийн Амгаа нь 1980 оны Москвагийн олимпийн наадамд жүдо бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан  түүхтэй. Мөн тайз дэлгэцэнд дүрээ үлдээсэн уран бүтээлч гэхэд болно. Амгаа заан “Гарьд магнай” кинонд Дайчин вангийн хошууны "Хулгар" Нацаг, Морин хуурын домог кинонд "Хөхөө" зэрэг дүрийг бүтээжээ. Тэрбээр эхнэр, 6 хүүхэдтэй. Түүний 4 дэх хүүхэд болох Д.Ширмэнтуяа (эхнэрийнхээ эгчийнд өргүүлсэн) нь МУГЖ , дуучин бол бага хүү А.Өнөболд нь Японы мэргэжлийн сумо бөхөд хүчээ сорьж байгаа юм. 

Холбоотой мэдээ