"Оскар” наадмын улаан хивсний ёслол эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-29 10:05:56

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй “Оскар” шагнал гардуулах 88 дах удаагийн ёслол удахгүй болох Америкийн Калифорни муж улсын Лос-Анжелес хотын алдарт "Долби" театрт дэлхийн шоу бизнесийн одод хүрэлцэн ирцгээж эхэлжээ. Алдар цуутай зочид Холливудын цэцэрлэгт гудамжинд дэвссэн улаан хивсэн дээгүүр алхдаг уламжлалтай.

Лос-Анжелес хотод энэ цаг мөчид цаг агаар цэлмэг, салхигүй таатай байна. Алдартнуудад хамгийн алдартай загвар зохион бүтээгчдийн урласан үдшийн тансаг гоёл болоод тансаг үнэт эдлэлээ харуулахад юу ч саад болохгүй байна.

Театрт хамгийн түрүүнд хүрэлцэн ирэгсдийн нэг бол “The Danish Girl” кинонд бүтээсэн гол дүрээр “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн Британийн жүжигчин Эдди Редмэйн болон түүний гэргий юм. Өнгөрсөн онд тэрбээр “The Theory of Everything” кинонд эрдэмтэн Стивен Хокингийн дүрд тоглож, анхныхаа алтан баримлыг гардан авсан билээ. Улаан хивсэн дээгүүр мөн маргад эрдэнийн өнгийн даашинзаар гоёсон Ирландын жүжигчин бүсгүй Сирша Ронан явжээ. Тэрбээр энэ жил эмгэнэлт уянгын сэдэвт “Brooklyn” киноны гол дүрээр “Оскар”-т нэр дэвшсэн байна.

Алдарт “Долби” театрын хажууд хар арьстай хүмүүс голдуу хэдэн арван хүн “Оскар” шагналыг гардуулдаг Америкийн кино урлагийн академи дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн жагсаж байна. Тэд “Нэг ч африк гаралтай америк байхгүй”, “Нэг ч ази байхгүй” гэсэн бичиг бүхий зурагт хуудас барьцгаажээ.

Арьсны өнгөтэй холбоотой дуулиан АНУ-д нэгдүгээр сард дэгдсэн билээ. Америкийн кино урлагийн академи жүжигчний шагналд хоёр дахь жилдээ зөвхөн цагаан арьстай жүжигчдийг нэр дэвшүүлсэн нь ийм дуулиан дэгдсэний шалтгаан болсон юм. Үүнтэй холбоотойгоор Холливудын алдарт жүжигчин Уилл Смит энэ жилийн наадамд хүрэлцэн ирэхгүй гэдгээ мэдэгджээ. Түүний гэргий Жада Пинкетт-Смит мөн энэ жилийн ёслолыг эсэргүүцэн оролцохгүй байхаа мэдэгдсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ