Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-03 16:47:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, хүлээж авах шаардлагагүй хэмээн үзлээ.


УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзсэнээр Хэнтий аймагт нөхөн сонгууль явах шаардлага үүссэн. Үүний дагуу УИХ-аас 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 62 дугаар тогтоол баталсан юм. Уг тогтоолд нөхөн сонгуулийг энэ сарын 07-нд зохион байгуулахаар тусгасан. Гэвч энэхүү тогтоолд төрийн албан хаагч оролцох зохицуулалтыг нарийн тусгаагүй нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан хэмээн Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм. Үндсэн хуулийн цэц уг гомдлыг энэ оны наймдугаар сарын 22-нд хэлэлцээд, УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.


Цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат үг хэлэхдээ, “Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлт нь нэг хүний эрхийг хамгаалахын тулд Хэнтий аймгийн сонгуулийн 42 дугаар тойргийн 14 мянган сонгогчийн сонгох эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэж харж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Төрийн албан хаагч нь төрд тангараг өргөсөн учраас жирийн иргэн жирийн албан хаагчтай адилгүй. Цаашид энэ асуудлыг нарийвчлан үзэж сонгуулийн хуульдаа тусгаж өгөх замаар төрийн албан хаагчдын улстөржилтийг зогсоох зайлшгүй шаадлагатайг сүүлийн үеийн зарим үйл явдлууд харуулж байна. Иймээс цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, УИХ энэ асуудалд хатуу зарчим барьж ажиллах ёстой” гэлээ.



Мөн үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Батзандан нар цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж, цаашид төрийн албан хаагч улс төрд орох гэж байгаа бол энэ асуудлаа нэгмөсөн шийдэх, харин төрд ажиллах хүсэлтэй бол өргөсөн тангарагтаа үнэнч байж чин шударгаар ажиллах зарчмыг Сонгуулийн тухай болон Төрийн албаны тухай хуульд суулгаж тов тодорхой болгож өгөх шаардлагатай хэмээн онцоллоо.


Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. Иймээс энэ талаарх санал, дүгнэлт болон УИХ-ын холбогдох тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ