"BTS” хамтлаг НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн анхны “K-Pop” хамтлаг боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-03 19:48:33
twitter.com/Nyamkanmk

НҮБ. /CNN/. БНСУ-ын “BTS” хамтлаг НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн анхны “K-Pop” хамтлаг болж байна.


НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргаж буй “Generation Unlimited” олон улсын түншлэлийн хөтөлбөрийг эхлүүлэх ёслолын арга хэмжээний үеэр тус хамтлагийн ахлагч гурван минутын турш үг хэлж, түүхийн хуудсаа нэгээр нэмлээ.


2013 онд байгуулагдсан тус хамтлаг нь дэлхийн хамгийн алдартай Солонгос хамтлагуудын нэг бөгөөд инстаграм хуудсандаа 13.3 сая гаруй дагагчтай юм.


Уг хамтлаг хамгийн сүүлд мэдлэг олгох, хөрөнгө босгох кампанит ажлын шугамаар НҮБ-тай хамтран ажиллажээ. 2017 онд тус хамтлаг “Love Myself” кампанит ажлыг өрнүүлэхэд нь НҮБ-ын Хүүхдийн санд дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСУ-ын комисст нэгдэн орсон байна.


Хамтлагийн ахлагч Ким Нам Жун үг хэлэхдээ, "өнгөрсөн 11 дүгээр сард НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 'Love Myself' кампанит ажлыг өрнүүлж, “жинхэнэ хайр өөрийгөө хайрлахаас эхэлдэг” гэдэг итгэл үнэмшлийг улам бүр ухамсарласан. “Love Yourself” цомгийг гаргаж, "Love Myself" кампанит ажлыг эхлүүлсний дараа хүнд хэцүү үеийг давахад нь бидний илгээсэн захидал хэрхэн нөлөөлсөн, өөрсдийгөө хэрхэн хайрлаж эхэлсэн тухай гайхалтай түүхүүдээ дэлхий өнцөг булан бүрээс фэнүүд маань илгээж эхэлсэн. Эдгээр түүх бидний үүрэг хариуцлагыг байнга сануулж байдаг. Тиймээс бүгдээрээ дахин нэг алхам хийе. Бид өөрсдийгөө хайрлаж сурсан, одоо харин та бүхнийг өөртэйгөө ярилцахыг уриалж байна" гэж хэлжээ.


НҮБ-ын мэдэгдсэнээр, “Generation Unlimited” хөтөлбөрийн зорилго нь дэлхий дахины олон сая хүүхдийн боловсролыг хойш татаж, ахиц дэвшил, тогтвортой байдалд заналхийлж байгаа олон улсын боловсрол, сургалтын хямралтай тэмцэх ажээ.


Дунд ангийн боловсрол, суралцах чадвар, ажил эрхлэх чадвар, зохистой хөдөлмөр эрхлэлтэд анхаарал хандуулах замаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдэлд дурджээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ