Байгаль орчинд ээлтэй “Ю скүүтэр” төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-04 15:28:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд энэ зунаас хэрэгжиж эхэлсэн ажил бол “Ю байк” унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ юм.


“Ю байк” төсөл нь авто замын түгжрэлийг бууруулах цогц ажлын нэг болохоос гадна иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх давхар ач холбогдолтой арга хэмжээ болж чадсан гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байна.


Харин төслийн II шат нь ирэх оны 5 дугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд 100 хувийн цахилгаан тэжээлт “Ю Скүүтэр” түрээсийн үйлчилгээ юм. Уг үйлчилгээ нь дэлхийн орчин үеийн хотуудын нийтийн тээврийн үйлчилгээнд дөнгөж нэвтэрч эхэлж  байгаа шинэ гэдгээрээ онцлогтой аж.


“Никель Ганбаа” ХХК-ийн захирал Г.Дашням ярихдаа, “Ирэх жилийн 5 дугаар сар гэхэд Ю Скүүтэр бэлэн болж, үнэ өртгийг тогтооно. Улаанбаатарын нөхцөлд зохицуулан, өмнөх “Ю Байк” төслийн туршлагаас хаана байршуулах талаар ярилцаж байгаа. Дугуй болон мопедны түрээсийн үйлчилгээ нь манай улсын хувьд шинэ зүйл учраас алдаа дутагдлууд гарч байгаа. Гэхдээ бид үүнийг засч, сайжруулахад анхаарч ажиллаж байна. “Ю скүүтэр” төсөл нь 100 хувь байгаль орчинд ээлтэй, цахилгаан тэжээлт технологийн шийдлийг ашигласан гэдгээрээ давуу талтай” хэмээв. “Ю Скүүтэр” нь нэг цэнэглэлтээрээ 20-30 км замыг туулж, 25 км цаг хурдлах хүчин чадалтай юм байна. “Юбайк” түрээсийн дугуйн үйлчилгээний нэгэн адил гар утасны аппликейшн ашиглан үйлчилгээ авах боломжтой юм.


О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ