Эрхүүгийн их сургуулийг дүүргэсэн Монгол хуульчдын тухай ном гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-08 19:41:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүүгийн улсын  хуулийн их сургуулийн 100 жилийн ойд зориулсан бүтээл “Иркутскийн их сургуулийг төгссөн "Монгол хуульчид” номын нээлт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд  боллоо.


Эрхүүгийн хуулийн сургуульд  Монголын нийт 352 хуульч бэлтгэгдсэнээс 291 хуульчийн намтар тус номонд оржээ.

Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг хэлэхдээ, “Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс тус салбарт шинээр бий болсон бүтээлийг олон нийт, хуульчдад сурталчлан таниулах, зохиогчийг дэмжих арга хэмжээг 2017 оноос хойш зохион байгуулж, нийт 30 гаруй бүтээлийг олны хүртээл болгосон.  Өнөөдөр энд Монголын урдаа барих туршлагатай хуульчид болон хууль зүйн салбарт ихийг бүтээсэн олон эрдэмтэн, судлаачид ирсэн байна. Үүнээс харахад манай салбарын нэр хүндтэй олон эрдэмтэд Эрхүүгийн улсын их сургуулиас төржээ. Та бүхэнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зүгээс  сургуулийн  100 жилийн ойн мэндийг хүргэе” гэв.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ч.Дашням: Монголын хуулийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлсэн, үндсэн хуулийн дагуу эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн олон хуульчид манай сургуулийг  төгссөн. Сүүлийн үед Эрхүүд хуульч бэлтгэх явдал цөөрөөд байна. Тиймээс бидэнд ийм түүхэн уламжлал байгааг харуулах,  сургуулийнхаа төгсөгчдийн хамтын ажиллагааг залуу үедээ чиглүүлэх, үлгэр дуурайлал болгох үүднээс энэхүү номыг хэвлүүлсэн.

Хууль зүйн дэд сайд асан В.Удвал: Сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан энэхүү ном гаргасанд  талархаж байна. Учир нь сургууль бүрийн төгсөгчид хэр их ажил хийж, ямар зэрэгтэй яваагаас хамаарч тэдний юу хийж бүтээснийг ойн үеэр дүгнэдэг. Хуульчийн хувьд Эрхүүгийн улсын их сургууль биднийг маш их зарчимч болгосон. Мөн манай сургуулийн төгсөгчдийн хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр их" гэв. 

Монгол Улс  1921 онд тусгаар тогтсоноосоо хойш 4 жилийн дараа ОХУ-ын Эрхүүгийн их сургуульд залуу үеийнхнийг сургах болжээ. Улмаар 1951 онд  Эрхүүгийн их сургуульд  Монголын хуульчдыг бэлтгэж эхэлсэн түүхтэй юм.


Г.Өлзийхутаг

 

Холбоотой мэдээ