“Уран жиргээ-2016” наадамд 60 гаруй хүүхэд өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДХүүхэд багачуудын уран унших авьяас чадварыг нээн илэрүүлэх, хөхиүлэн дэмжих, уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилгоор зохиодог “Уран жиргээ 2016” наадам өнгөрөгч бямба гарагт Дорнод аймгийн ХГБХХ-ийн зааланд болж өнгөрлөө.
Энэ жилийн хувьд орон нутгаасаа төрж гарсан зохиолч, яруу найрагчдийн бүтээлийг хүүхэд залуус таниулах үүднээс дан Дорнодын зохиолчдын бүтээлээр оролцох шаардлагыг тавьсан байлаа. Дорнод аймаг бол Ардын уран зохиолч, төрийн шагнал Ц.Дамдинсүрэн, Д.Цэвэгмид, Д.Тарваа, Ж.Лодой, Д.Нямсүрэн, Г.Аким, Ж.Нэргүй, Т.Содномнамжил, Б.Бат-Орших, Б.Тайван, Г.Хүрэлчулуун зэрэг олон сайхан зохиолч, яруу найрагчдыг төрүүлж гаргасан нутаг билээ. Тийм утгаараа оролцогчдод амилуулах зохиол бүтээл арвин байв.
“Уран жиргээ” наадамд аймгийн 14 сумын цэцэрлэг, ЕБС-ийн 65 хүүхэд дөрвөн ангиллаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Ингээд цэцэрлэгийн насанд тэргүүн байрыг Н.Гуамарал /1-р цэцэрлэг/, дэд байрт Б.Одмаа /Цагаан-Овоо сум/, гутгаар байрыг М.Нандин-Эрдэнэ /2-р цэцэрлэг/, Тусгай байрыг А.Амарболд /4-р цэцэрлэг/ нар хүртсэн. Харин ЕБС-ийн бага насны ангилалд э.Цэндмаа /Хөлөнбуйр сум ЕБС-ийн 5а анги/ тэргүүлж Э.Эгшиглэн /Цагаан-Овоо сум ЕБС-ийн 4а анги/ удаалж О.Хулан /12-р сургууль 3б анги/ гутгаар, Б.Нандин-Эрдэнэ /Баянтүмэн сум ЕБС-ийн 3а анги/ тусгай шагналыг хүртсэн. Дунд насны ангилалд Б.Мандалмаа /Цагаан-Овоо сум ЕБС-ийн 6б анги/ тэргүүлж Х.Чанцал /FLOWER сургууль 8а анги/ удаалж Б.Ариунбат /Дашбалба-р сум ЕБС-ийн 7б анги/ гутгаар, Э.Нандин-Эрдэнэ /8-р сургууль 6а анги/ тусгай шагналын эзэн боллоо.
Ахлах насны ангилал өрсөлдөөнтэй сайхан болж Т.Анужин /Баян-Уул сум ЕБС-ийн 12а анги/ Буриад түмний домог болсон “Балжин хатан” жүжгийн Балжин хатны үгийг амилуулж тэргүүн байрын эзэн болж чадсан. Дэд байрыг Г.Ариунцэцэг /1-р сургууль 12б анги/, гутгаар байрыг Г.Ганчимэг /11-р сургууль 12а анги/, тусгай байрыг Г.Гэрэлхүү /12-р сургууль 10б анги/ нар хүртсэн.
Наадамд шалгарсан уран уншигч авьяаслаг багачууд маань ХГБХХ-ийн дарга А.Нансалмаагийн өрөөгөөр зочилж, энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдагт баярлаж явдагаа илэрхийлэн уран бүтээлийнхээ дээжээс уншиж өгч, хамтдаа дурсгалын зураг татууллаа.
Дорнод нутгийн авьяаслаг багачуудыг урлагийн Янжинлхам бурхан үргэлжид ивээж байх болтугай.
Б.Туяа