Хоттой мал руу нь дайрсан хээрийн боохойг гараараа нударч алжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-17 15:15:50

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Хагшаал хэмээх намаржаанд малчин залуу “Т”малынхаа хотонд ирсэн чоныг буу шийдэмгүй өөрийн гараар агнасан тухай нутгийн иргэн сонирхууллаа.Энэ явдал  10 дугаар сарын эхээр болжээ.

Саргүй харанхуй шөнө малын хотонд чонын дуу сонсогдох даруйд тэрээр сандран гарахад  зэрлэг чоно өөр лүү нь дайрсан байна. Малчин залуу толгойг нь барьж сугандаа хавчуулж, чихдэн хоёр цаг орчим ноцолджээ. Хавь өөрийн хүмүүсийг дуудаж хашгирсаар хоолой нь сөөсөн ч саахалтын айлын хүмүүс түүнийг сонсоогүй аж.

Хээрийн зэрлэг  чонотой шөнөжин тулалдсаар амийг нь хороож, хоттой малаа хамгаалж чадсан түүний гар хөл,булчин нь шархдаж, сумын эмнэлэгт эмчлүүлж эдгэрчээ.

Хээрийн боохой маш том нас бие гүйцсэн чоно байж.  Харин малчны гарт үхсэн чоно эрүүл байжээ. Чонотой тулалдаж хоноход хэн ч туслаагүй атал түүний алсан чоныг  зарим нь ирж өвчиж, янзалж авсан сурагтай. 

                                                                                                                                                            А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ