Нийслэлийн цахилгаан хэрэглэгчдийн 60 хувийг гэр хороолол эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-17 17:30:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЭХЯ-ны мэдээгээр Улаанбаатар хотод 365 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч байна.

Үүний 152 мянга нь гэр хорооллын хэрэглэгчид юм. Гэр хорооллын цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн 130 мянга буюу 85 хувь нь хоёр тарифт тоолууртай хэрэглэгчид аж. 

Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдлыг ЭХЯ-наас танилцуулснаар дулааны хангамжийн системд 9200 гаруй барилга байгууламж холбогдон 2255.8 Гкал.цагийн ачаалалтай дулааны эрчим хүчээр хангаж байна. Үүнээс 2815 хэрэглэгч байгууллага, ААН, иргэд, 16 нь хэрэглэгчдэд үйлчлэх төв буюу түүний харьяа орон сууцны контор, СӨХ-үүд орж байна. Өнгөрсөн оны халаалтын улирлын цахилгааны дундаж ачаалал 533 МВт байсны 196 МВт нь гэр хорооллын цахилгааны эрчим хүчний хэрэглээ эзэлж байжээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-нээс эхлэн хөнгөлж байгаа. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэдээгээр нийслэлийн 6 дүүргээс гадна Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, ААН-үүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна. Өнгөрсөн оны байдлаар дээрх компанийн хэрэглэгч 130.580 айл өрх шөнийн тарифын хөнгөлөлтөд хамарч байснаас 128.509 нь 100 хувь, 2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд орж байжээ.

 

Холбоотой мэдээ