Залуус ярьдаг биш хийдэг бүтээдэг, үйлдвэрлэдэг болох шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 17:40:25

МЗХ-ны Зүүн бүсийн чуулга уулзалтыг энэ сарын 11-13-нд Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай зохион байгууллаа. "Эх нутгийн хөгжил Эрин зууны залуус” уриан дор зохион байгуулсан энэхүү чуулганд Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр аймгийн залуус, МЗХ-ны дэргэдэх байнгын хороодын дарга, тэргүүлэгчид зэрэг 300 орчим залуус оролцсон юм.

Чуулга уулзалтад Дорнод аймгийг төлөөлж аймгийн Залуучуудын холбооны тэргүүүн Амартүвшин тэргүүтэй хорь гаруй залуус оролцлоо. Хоёр өдөр үргэлжилсэн Зүүн бүсийн чуулганаар залуучууд улс эх орныхоо болоод орон нутгийнхаа хөгжлийн төлөө юу хийх талаар болон залуусын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж түүнийг шийдвэрлэх арга замыг хамтдаа ярилцсан юм. Чуулганы үндсэн илтгэлийг МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат тавьсан бөгөөд түүний илтгэлийн гол санаа нь залуусаа эх орноо, эх түүхээ хайрлах, мэдэх суралцахыг уриалж байлаа.
Мөн чуулганд оролцсон 6 аймгийн төлөөлөгчид нутаг орондоо хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулав. Онцолбол Хэнтий аймгийн залуучуудын холбоо орон нутгийн хэмжээнд анх удаа "Шилдэг гэр бүл-Шинэ байранд”- реалити шоу зохион байгуулсан бөгөөд одоогоор таван гэр бүл шинэ байрандаа орсон гэдэг таатай мэдээ олон залуусын талархлыг хүлээлээ. Мөн Хэнтий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Д.Аюурбунь залуу малчдыг малжуулах төсөл хэрэгжүүлэх гэж байгаа талаараа дуулгалаа.

Харин Дундговь аймгийн залуус Зөв зүйлээрээ нэгдэн нийлж, спиртлэг биш спортлог нөхөрлөлийг дэмжсэн аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аймгийн залуус зориулалтын хөлбөмбөгийн талбайтай болж чаджээ. Дорнод аймгийн хувьд 40 мянга гаруй залуус амьдарч байгаа бөгөөд тэдний дунд хөдөлмөр эрхлэлтийн байдал нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа. Тиймээс Дорнод аймгийн Залуучуудын холбооноос ажлын туршлагагүй дөнгөж төгссөн залуусаа ажлын байранд зуучилж, ажил олгогч байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаагаа дуулгалаа.
Түүнчлэн орон нутгийн залуус газар тариалан, мал аж ахуй гээд үйлдвэрлэлийн олон төрлийн сургалтад хамрагдах хүсэлтэй байдаг ба залуус бид ярьдаг биш хийдэг бүтээдэг, үйлдвэрлэдэг болох шаардлагатай байгааг онцолсон юм.
Чуулганы үеэр Хан Хэнтий нутгийн залуус нийт төлөөлөгчиддөө урлагийн маш сайхан тоглолт үзүүлсэн. Хамгийн сонирхолтой нь тоглолтод оролцсон залуус эмч, багш, сувилагч гээд өөр өөр мэргэжилтэй Хэнтий аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгчид байсан юм. Эдгээр авьяаслаг залуус мэргэжлийн дуучид уран бүтээлчдээс дутахааргүй байж чуулсан олон залуусыг доргиож чадсан.
6 жилийн турш зохион байгуулаагүй Зүүн бүсийн чуулга уулзалтыг Хэнтий аймгийн Залуучуудын Холбоо маш амжилттай зохион байгуулсан бөгөөд аймгийн ЗДТГ, ИТХ, Дэлхийн зөн Олон улсын байгууллага дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь чуулганд ихээхэн ач холбогдол өгснийг харуулж байлаа.

Чуулганы нээлтэд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав нар оролцож залуусдаа хандан үг хэлж, амжилт хүссэн. Энд нэг зүйлийг онцлоход Хэнтий аймаг архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэхийн тулд "Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 3 жилд 1000 гаруй иргэн, залуус архинаас гарч өнөөдөр өөрсдийн амьдралаа өөдрөг сайхан авч явч байгаа аж.
Ийнхүү Зүүн бүсийн 6 аймгийн залуус нэгэн дор чуулж, аймаг, сум, баг, байгууллагынхаа Залуучуудын холбоо, зөвлөлийнхөө ажлын стратеги төлөвлөгөөг боловсруулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэн, нэгнээсээ туршлага судлан, шинэ санаа, шинэ ажлын төлөвлөгөөтэйгөөр нутгийн зүг хөдөлцгөөсөн юм.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд