"Ирвэстэй нутгийн ирээдүй" төслийг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-22 15:07:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн  (ДБХС) Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлэх “Ирвэстэй нутгийн ирээдүй ” төслийн танилцуулах сургалт  өнөөдөр Өлгий хотод болж байна. 

Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч  Ш.Хабыл   аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон төсөл хэрэгжих Толбо, Бугат сумдын удирдлага, байгаль орчны мэргэжилтнүүд, малчдын төлөөллөөс  нийт 80 гаруй хүн оролцож байгаа юм. 

Тус төсөл нь зорилтот нутгийн малчдын орлогыг нэмэгдүүлэх замаар цоохор ирвэс, түүний идэшлэгч амьтдыг хамгаалах тогтвортой менежмент бий болгох зорилготой ба  Баян-Өлгий аймгийн Сайр хайрхан, Хатуугийн нуруу, Говь-Алтай аймгийн Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Увс аймгийн Түргэн, Цагаан шувуут зэрэг зургаан уул  орчмын 11 сумд  таван жилийн хугацаагаар хэрэгжих ажээ.

Тухайн хугацаанд цоохор ирвэсний популяцын холбоос нутагт байгаль хамгааллын тогтвортой менежментийг нэвтрүүлж,  хууль бус агнуур, өширхөн хороох үйлдлийг бууруулснаар тэдний ирээдүйг баталгаажуулах боломж бүрдэнэ хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.



Ө.Нурболат

Холбоотой мэдээ