Түүхий нефтийн үнэ буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСИНГАПУР. /Reuters/. Эрчим хүчний зах зээл дэх үүргээ биелүүлж, хариуцлагатай тоглогч хэвээр байна гэж Саудын Араб мэдэгдэл хийсний дараа түүхий нефтийн үнэ буурсан байна.
Өнөөдрийн арилжаагаар нэг баррель “Brent” маркийн нефтийн үнэ 31 цент буюу 0.4 хувиар буурч, 79.52 долларт хүрсэн бол “West Texas Intermediate” маркийн нэг баррель түүхий нефтийн үнэ 20 цент буюу 0.3 хувиар буурч, 69.16 доллар болжээ.
Ираны нефтийн экспортыг зогсоох зорилготой АНУ-ын хориг арга хэмжээ ирэх сарын 4-ноос хэрэгжиж эхлэх билээ. Энэ хориг арга хэмжээ нь Иранаас нефть импортлох компаниуд, улс орнуудад дарамт шахалт болох юм.
Үүний зэрэгцээ сэтгүүлч Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөнтэй холбоотойгоор Саудын Арабыг тусгаарлах байдал нэмэгдэж байгаа ч гэсэн түүхий нефтийн томоохон экспортлогч тус улс зах зээл дэх байр сууриа хэвээр хадгална гэж мэдэгдсэн билээ.
Гэвч сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Саудын Арабад хориг арга хэмжээ авч болзошгүй байгаа бөгөөд тус улс хариуд нь түүхий нефтийн нийлүүлэлтээ зогсоож магадгүй юм. Үүнээс гадна Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ удахгүй хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр түүхий нефтийн зах зээлд хомсдол үүсч магадгүй гэсэн хүлээлт бий болоод байна.