Архигүй аймаг болох зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-10-26 10:20:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг 2018-2020 онд “Архидалтгүй аймаг” болох зорилт дэвшүүлж, “Архидалтгүй аймаг- Дундговь” сурталчилгаа мэдээллийн өдөрлөгийг 10 дугаар сарын 5-наас эхлэн 15 сумандаа зохион байгуулж байна.

Үйл ажиллагааны хүрээнд 10 дугаар сарын 24-нд "Архидалтгүй аймаг-Дундговь" сурталчилгаа мэдээллийн өдөрлөг Луус суманд зохион байгууллаа.

Энэ үеэр “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн тэргүүн н.Цогтсугар, тус нийгэмлэгийн ерөнхий менежер н.Батсайхан нар төрийн байгууллагуудын удирдлагууд, ажилтан, албан хаагчид, иргэдэд "Бүтээлч сэтгэлгээ, тархины гайхамшиг" лекц уншиж, VI-IX ангийн сурагчдад “Цахим орчны сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах, эцэг эх, багш, үе тэнгийнхэнтэйгээ харилцах эерэг харилцаа хандлага, үгийн хүч, архигүй ирээдүй” сэдвүүдээр мэдээлэл өгчээ.

Дээрх зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны тавдугаар сарын 28-нд А/231 тоот захирамжаар “Архидалтгүй аймаг- Дундговь” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” ТББ-тай ийнхүү хамтран ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ