МУГЖ дуучин Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг "Би - Би - Си Радио 4"-ийн хөгжмийн сувгаар цацагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2018-10-25 12:59:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингис хаан одонт, МУГЖ, дуурийн дуучин Г. Ариунбаатарын тухай "Монголын хээр талаас дэлхийн тайзнаа" нэртэй "Би - Би - Си Радио 4" хөгжмийн нэвтрүүлгийн сувгаар энэ оны эхэнд цацагдсан тус бүр нь  хагас цаг үргэлжлэх цуврал хоёр нэвтрүүлгийн уран бүтээлч, хөгжмийн сэтгүүлч Кэйт Моллисон, продюссер Стивен Ражам нар Германы Берлин хотод жил бүр болдог Европ тивийн "Прикс Европа" нэртэй радио, телевизийн салбарын оны 5 шилдэг сэтгүүлч, нэвтрүүлэг шалгаруулалтад нэр дэвшжээ. Энэхүү үйл явц нь манай хөгжмийн амьдралд нэгэн содон үйл явдал болж буй бөгөөд ганцхан цагийн нэвтрүүлэгт МУГЖ дуучин Г.Ариунбаатар, түүний аав, ээж, багш, Хатан хааны ордны тайзнаас "Монголын тал нутаг" -дууг цангинуулахад  нулимс унагасан шүүгч Мэри Кинг, Улаанбаатарын гудамжинд баарны гадаа таарах англи хэлтэй, халамцуу монгол залуус, "Монголын аман уламжлал, хөгжим, бүжиг" номын зохиогч, Кэмбрижийн Их Сургуулийн эрдэмтэн, хийлч, дуучин, угсаатны хөгжим судлаач, монгол хөгжмийн гол шинжээч Кэрол Пээг, хөгжим судлаач, Английн Кингс Коллеж төгсөгч Б.Хатуучулуун, орчуулагч, Монгол Улсын соёлын элч Ж. Өнөрмаа, антропологич эрдэмтэн Ш. Туяа,  ДБЭТ-ын дарга Ч. Мөнхзул, Ховдын театрын хөөмэйч Золзаяа, Монголын Урлагийн зөвлөлийн Ц. Ариунаа, Гадаад яамны сайд асан С. Пүрэвсүрэн, Монголын хамтлаг чуулгын төлөөлөл багтжээ.

Угсаатны нийтлэг хэв шинжит соёлын өвийг тээгч шилмэл төлөөллийн сэтгэл, бодол, дүгнэлт, илэрхийллийг тэр чигт нь буулган судалгаа хийж, тухайн үндэстэн угсаатны соёлын бүхэл зураглалыг гарган авах нь угсаатны зүйн судлалын тэр дундаа угсаатны хөгжим судлалын үндсэн арга барил бөгөөд чухам энэ сонгомол аргаар тус нэвтрүүлгийг бүтээсэн байна.

Уг нэвтрүүлэг монгол хөөмэйгээр эхэлж, "Соёл-Эрдэнэ" хамтлагийн нэгэн дуугаар төгсөх авч, уртын дуу, хуурын татлага, "Уран Хас" бүжгийн жүжгийн аялгуу, дэмбээний ая, дуурийн ари, удиртгал зэрэг монгол оронд эгшиглэх хөгжмийн урлагийн үндсэн ай төрөл бүгд байраа олон эгшиглэдэг. Энэхүү дурьдаж буй хөгжмийн нэвтрүүлгийг ойлгохдоо дэлхийн нэлээд гол хэлээр  наанадаж 40 сая сонсогч монгол орны түүх, соёл урлаг, хөгжмийн урлагийн уламжлалыг чихээр сонордон танилцаж, радио нэвтрүүлгийн гол баатрыг маань шалтаг шалтгаан болгож хийсэн өнөөгийн монгол орны хөгжмийн амьдралын бүхий л хүрээг хамруулсан энэ цагийн толь болсон бүтээл хэмээн мэргэжилтнүүд үзсэн хэмээн Англид суугаа Монгол Улсын соёлын элч Ж. Өнөрмаа,  хөгжмийн сэтгүүлч К. Моллисон твиттер хуудсандаа мэдээлжээ.


                                                                                                                                                            Хөгжмийн шүүмжич, соёл судлаач, доктор Б.Батжаргал

 

Холбоотой мэдээ