Ч.Улаан: Төсөв бол яаран хэлэлцэх асуудал биш учир ирэх 7 хоногт санал хураалт явуулах нь зүйтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-10-25 14:51:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үдээс хойш үргэлжлүүлэхээр чуулганыг түр завсарлуулав.


Гишүүд дээрх төслүүдийн талаар горимын санал хэлсэн юм.


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: "Төсөв бол ирэх оны хөгжлийн толь юм. Өчигдөр Төсвийн байнгын хороон дээр орлого, зарлага хоёрыг нэгтгээд нэг санал хураасан. Нийт 272 тэрбум төгрөгийн 5 төрлийн зарлага хасаад 461 тэрбум төгрөгийн нэг багц болгож хураасныг дэгийн тухай хуультай холбон тайлбарлах байх. Гэхдээ Төсвийн тухай хуулиар орлого, зарлагыг зүйл, зардал нэг бүрээр нь хэлэлцэх ёстой. Зарлагад тусгасан 14 зүйлийг нэгтгээд нэг санал хураалаа. Ингэж болохгүй ээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Эдийн засгийн гол тулгуур хүч нь мэргэжилтэй боловсон хүчин. Энэ утгаараа “Ажилсаг Монгол хүн” хөтөлбөрөөр дамжуулан мэргэжилтэй хүмүүсийг бэлтгэх санал санаачилгыг дэмжилгүй төсвөөс хасчээ. Ерөнхий сайдыг ургац хураалттай танилцаад явж байхад комбайн барих хүн ховор байна гэдгийг хэлж байсан. Өнөөдөр мэргэжилтэй ажилтны асуудал хурцаар тавигдахаар болсон байна шүү дээ. Тиймээс хөгжлийн эхлэл нь хүмүүсээ мэргэшүүлж ажил хийлгэх юм. Энэ хүмүүс ажилсаг гэдэг үгэнд дургүй болж. Болохгүй бол тэр ажилсаг, хөтөлбөр гэдгийг нь аваад л хаячих л даа. 50-60 аад оны тоног төхөөрөмж дээр сургаж мэргэжилтэн бэлтгэнэ гэдэг үлгэр шүү. Тиймээс орчин үеийн тоног төхөөрөмжөөр МСҮТ-үүдээ тоноглож хүүхдүүдийг сайн мэргэжилтэн болгоход нь дэмжмээр байна. 460 тэрбум төгрөг нэмэлтээр гаргаж  чадсан хэрнээ эх орныхоо хөгжлийн том субектыг  дэмжих 10 тэрбум төгрөгийг яагаад гаргаж болохгүй байгаа юм бэ.


УИХ-ын гишүүн Ч.Улаан: “Юу болоод өнгөрөв гээд амаа барихгүйн тулд бид сайн ажиллах хэрэгтэй. Төсвийн хуулийг хэлэлцэх горимоор өнөөдөр санал хураадаг, гэтэл дараагийн хэлэлцүүлэг дээр санал хураалтын дүн хэрхэн өөрчлөгдөв гэдгийг тусгаж харуулна шүү дээ. Бодлого алдагдсан тохиолдолд ажил хэрэгч санал гаргаж хэлэлцэх бололцоогүй болно. Тиймээс хэлэлцүүлгийг хийхдээ нухацтай хандаж тайлбар үндэслэлээ нарийвчлан санал тус бүр дээр ажилламаар байна. Төсөв бол яаран хэлэлцэх асуудал биш учир ирэх долоо хоногт санал хураалтаа явуулах нь зүйтэй. Санал нэг бүрт нь тогтож ажиллах бололцоог бүрдүүлж өгөөч ээ" гэсэн юм.


  УИХ-ын гишүүдийн горимын саналд Төсвийн байнгын хорооныхон ийнхүү хариулт өгөв. 


УИХ-ын гишүүн Чойжилсүрэн: “Өнгөрсөн жилийн өдийд 2018 оны төсөв хэлэлцэж байхад УИХ-ын дэгийн тухай хуулинд хоёр өөрчлөлт оруулсан. Төсвийн тухай хуулинд тодорхой төсөл хөтөлбөр арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэхэд бусад төсөл хөтөлбөрүүдийн зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх гэсэн заалт оруулсан. Мөн УИХ-ын  чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд заасанчилан Д.Тогтохсүрэн гишүүний хэлээд байгаа 14 асуудлыг нэгтгэн нэг санал хураах шийдэлд хүрсэн"

 УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “Д.Тэрбишдагва гишүүний саналыг ажлын хэсэг дээр яриад зарчмын хувьд дэмжсэн. Залуусыг ажил, орлоготой болгохын тулд нарийн мэргэжлээр сургах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй. "Ажилсаг Монгол" гэдэг хөтөлбөр Монгол Улсын Засгийн газраар болон УИХ-аар батлагдаагүй учир мөнгө төсөвлөх нь хууль зөрчинө гэсэн тайлбар хийсэн. Тиймээс  энэ саналыг НХХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Тус санд 8 тэрбум төгрөгийн төсөв оруулсан учир үүнээс дэмжлэг авах боломжтой” гэв.

Холбоотой мэдээ