Ж.Батзандан: УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг хэлэлцэх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр ярихдаа, "Сүүлийн үед УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн талаарх шуугиан дэгдэж байна. Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар хаагдаж байгаа тухай прокурорын мэдэгдэл гарсан учир ийнхүү миний бие хэвлэлийнхэнд хандаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй болсон учраас тарах ёстой гэсэн хүсэлтийг хүргүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 22.2-т Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзвэл УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор УИХ өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн заалт бий. Ийнхүү тарах шийдвэр гаргасан тохиолдолд шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр тарах үндэслэл болно гэсэн заалт байгаа. Мөн Ерөнхий сайдыг УИХ 45 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж томилж чадаагүй бол тарах үндэслэлтэй гэсэн заалт байгаа юм.
Өнөөдөр АН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын
хуралдаанд түр хугацаагаар оролцох боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлж хурлыг
орхин гарсан. Учир нь УИХ-ын
дотоод хяналтын байгууллага болох Ёс зүйн хороо сүүлийн үед гарч буй гишүүдийн асуудлаар хуралдаж дүгнэлтээ гаргахгүй байна.
Хоёрдугаарт, УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг хэлэлцэх ёстой.
Гуравдугаарт, УИХ улсын төсвийг их хэмжээний алдагдалтай баталсанд Ерөнхийлөгч
шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд УИХ өөрөө санаачилж, төсвийн хуулиар нээлттэй
сонсгол хийх ёстой гэдэг шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэв. Дээрх асуудлыг УИХ-ын гишүүн болон АН-ын бүлгийн дэд даргын хувьд хүлээн
зөвшөөрөхгүй. Ер нь соёлын өвийг хулгайлсан, устгасан гэмт хэргүүд болон
авлига, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон гэмт хэрэг хөөн
хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нэрийдлээр дуусгавар болж байгаа. Гэхдээ хөөн
хэлэлцэх хугацааг хуулиар сунгах боломжтой шүү” хэмээв.