БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-05 10:02:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ амралтын өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа. Тэрбээр НАМЭХ-ны баруун бүсийн зөвлөгөөнд оролцсоноос гадна Ховд аймгийн соёлын ажилтын анхдугаар зөвлөгөөнийг нээж үг хэлэв.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран энэхүү соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөнийг “Соёл урлаг-Орон нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд энэ сарын 4, 5-нд зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөний зорилго нь соёл урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Зөвлөгөөнд 16 сумын Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч, соёлын өвийн ажилтан, Соёлын төвийн хөгжмийн багш, номын санчид болон аймгийн Хөгжимт драмын театр, музей, нийтийн номын сангийн удирдлагууд, уран бүтээлчид, соёл урлагийн ажилтнуудын төлөөлөл 170 гаруй хүн оролцов.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн, МУСГЗ Ц.Дамбадаржаа нар оролцож, зөвлөгөөний үйл ажиллагаа, орон нутгийн соёл урлагийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэгт зөвлөмж өгч, амжилт хүссэн юм.

Холбоотой мэдээ