Хөгжимт жүжгийн театрын бүх уран бүтээлчид хөөмийлж сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 12:35:07

Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Театр 2016 онд уран бүтээлчиддээ нэлээн сургалт явуулахаар төлөвлөж байна. Үүнд мэргэжлийн багш урьж ирүүлэн бүх уран бүтээлчиддээ хөөмийн сургалт явуулах ажээ.

Мөн орчин үеийн бүжиг буюу модерн, сонгодог бүжгийн дасгалууд зэрэг сургалтуудыг ирэх дөрвөн сард явуулах юм байна. “Энэ жил манай хамт олны хувьд нэлээн үр бүтээлтэй жил байх болно гэж бид харж байна. Нийт уран бүтээлчдийнхээ дунд сургалтуудыг авахаас гадна улсын баяр наадам зэрэг гол гол арга хэмжээнүүддээ өндөр үнэтэй уран бүтээлчид хотоос авч ирэх бус өөрийнхөө уран бүтээлчдийн чанар чансааг ахиулж аймаг дангаараа урлагийнхаа арга хэмжээг зохион байгуулж байя гэсэн зорилготой ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн наадмаар манайх дангаараа энэ том ажлаа нугалсан” гэж Өмнөговь аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын ерөнхий найруулагч Амаржаргал ярьж байна.

Мөн энэ ондоо хүүхдийн болоод томчуудад зориулсан хэд хэдэн жүжгийг тавихаар төлөвлөөд байгаа ажээ. Ойрын өдрүүдэд “Монгол тэмээ 999” арга хэмжээнд зориулсан хүндэтгэлийн тоглолтоо бэлдээд завгүй байгаа тус хамт олон уг тоглолтоороо тэмээний тухай болоод говио магтан дуулсан урлагийн бүтээлүүдээ үзэгч олондоо өргөн барих гэж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ