С.Ганбаатар ХҮН-ын дарга хэвээрээ байгаа гэж мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-03 13:32:20

Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ албан ёсны Төв хорооны хурал өнөөдөр өглөө болж, холбогдох шийдвэрүүд гарсан талаар ХҮН-ын дарга С.Ганбаатар болон Төв хорооны гишүүд мэдээлэл хийв.

ХҮН-ын Төв хороо өчигдөр хуралдаж, тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг чөлөөлж, оронд нь Б.Найдалааг томилж, үүнийгээ хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлсэн юм. Харин өчигдрийн энэ хурал дүрмийн бус хурал байсан бөгөөд гаргасан шийдвэр нь хууль бус, хүчингүй гэдгийг өнөөдөр С.Ганбаатар дарга нь мэдэгдлээ. Мөн тэрбээр намын дарга хэвээрээ байгаа бөгөөд өнөөдөр өглөө ХҮН-ын албан ёсны Төв хороо хуралдаж намын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасныг мэдээллэв.

Тус Төв хорооны хурлаар намын дэд дарга Б.Найдалаа, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

ХҮН-ын дарга С.Ганбаатар “Манай намын төв хороо 58 гишүүнтэй. Үүнээс 43 нь өнөөдрийн хуралд оролцлоо. Өнөөдөр өглөө манай намын Төв хороо албан ёсоор, анх удаа хуралдаж, шийдвэр гаргав. ХҮН улс төрд шинээр гарч ирэхдээ ямар их нөлөөтэй, ямар хэмжээний шинэ хүчин болж буйг  сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдал харуулж байна.  Улс төрийн хүчнүүд, бүлэглэлээс маш олон ажиллагааг бидний эсрэг явуулж байна. Улс орноо зарж идсэн бүлэглэлүүдтэй нэгдэж манай намын журмын 3 нөхөр маань урвасанд маш их харамсаж байна. Энэ бол намыг дотроос нь хагалан бутаргах явуулга. Манай намын гишүүдийн компани, аж ахуйн нэгжүүдийг намнах ажил ч эхлээд байна. Намайг гүтгэх, гутаах явуулгыг хоёр сар явууллаа. Одоо тэр нь бүтэхгүй болохоор намыг дотроос нь бутаргах гэж байгаа юм. ХҮН сонгуулиар ард иргэдээрээ дүн тавиулна. Харин үүнээс өмнө явуулгаар бидэнд дүн тавих гэж байгаа бол бүтэхгүй гэдгийг намын даргын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье” гэв.

“Өчигдөр хуралдсан гэх Төв хорооны хурал бол хутган үймүүлсэн, дүрмийн биш “тоглоомын хурал” байсан. Өөрөөр хэлбэл Төв хорооны гишүүдийн 10 ч хүрэхгүй гишүүдийн оролцоотой байсан. Харин өнөөдөр албан ёсны Төв хорооны хуралд 58 гишүүний 43 нь биеэр ирж оролцлоо. Энэ ирцээс л тодорхой харагдаж байна. Өнөөдөр удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан нь хэдхэн дарга сольсон зүйл биш. Манай нам ямар ардчилалтай, чиг шугамдаа үнэнч, намын шийдвэрийг гишүүдийнхээ оролцоотой хэрхэн гаргадаг гээд олон зүйлийг илтгэж байгаа юм” гэлээ.  

ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Одонгуа “ХҮН-ыг 2015 оны 5 дугаар сарын 11-нд шинэчлэн зохион байгуулснаас хойш улс төрийн аль ч хүчинд байгаагүй “За” андгайг бий болгож, авлига, урвалт зэрэг 7 зүйлийг тусгасан. Хэрэв энэ андгайг зөрчвөл тухайн гишүүнд хариуцлага тооцох ёстой. Энэ дагуу андгайгаа зөрчсөн зарим гишүүдэд өнөөдөр хариуцлага тооцох шийдвэр гарсан“ гэв.

Дээрх гурван гишүүнд хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн ч намын гишүүнээс хасах шийдвэр гаргаагүй гэдгийг мөн онцолж байв. Үүгээрээ тус нам хатуу, хахир үйл ажиллагаа явуулдаггүй гэдгээ харуулж буй хэрэг юм байна. Үүнээс гадна алдагддсан гэгдээд буй намын хуучин тамга тэмдэгийг хүчингүй болгож, шинээр авахаар болсон. Харин намын нэрийг барьж худлаа мэдээлэл тараасан, дураараа авирласан хэргийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандахаар төлөвлөж байгаа аж.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ