Чөлөөт хэвлэл сан 20 нас хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-03 16:45:50

“Монгол дахь Чөлөөт хараат бус хэвлэл” төслийн Данида үйлдвэр нэрээр овоглосон Сонины хэвлэх үйлдвэр сан 1996 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсны анхны үйлдвэрлэлээ эхэлж байжээ.

Түүнээс хойш тив дэлхий эх орны өнцөг булан бүрт суугаа Монгол түмнийхээ гарт өглөө бүхэн хүрэх будаг нь ханхалсан шинэхэн сонин хэвлэлийг хэвлэн гаргах үйлсэд хүчин зүтгэсээр 20 нас хүрч, тус хамт олон ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгмийн тогтолцоонд ил тод байдал, олон ургальч үзлийн индэр болсон Чөлөөт хэвлэл-хөгжлийн нэгэн тулгуур, үнэт зүйлсийн баталгаа байдаг бол Монгол орны нийгэм оюун санааны амьдралд цоо шинэ эргэлт гаргасан чөлөөт хэвлэлийн хөгжилд Монгол-Данийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан Чөлөөт хэвлэл Сан Хэвлэх үйлдвэрийн гүйцэтгэсэн үүрэг түүхэн ач холбогдолтой билээ.  

Чөлөөт хэвлэл Сангийн үйлчилгээ нийгмийн зорилтот бүлгүүд, цаашлаад Монгол Улсын 21 аймагт хүрч, Чөлөөт хэвлэл сангийн үйлдвэрлэл үндэсний хэмжээний сонины 60 гаруй хувь, борлуулалтын 70 гаруй хувийг эзэлж байна. Нийт 1300 нэрийн 60000 сонинг 500 сая даралт хуудсаар хэвлэн гарган, үйлдвэр үйлчилгээгээ өргөтгөн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулжээ.

Ойн ёслолд “Монгол дахь Чөлөөт хараат бус хэвлэл”-ийг анх ивээлдээ авсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Чөлөөт хараат бус хэвлэл төслийн менежер, Данийн сэтгүүл зүйн сургуулийн олон улсын харилцааны хэлтсийн дарга Йорген Ринггаард, УИХ-ын гишүүн, тухайн үеийн Монгол Улсын шадар сайдын туслах, ЧХС-ийн анхны Захирлуудын зөвлөлийн гишүүн Н.Энхболд, тухайн үеийн МСХ-ны ерөнхийлөгч ЧХС-ийн анхны захирлуудын зөвлөлийн гишүүн Ц.Бат-Орших, МЧАСЭ-ийн ерөнхийлөгч, захирлуудын зөвлөлийн анхны гишүүн Ц.Дашдондов, тухайн үеийн ТӨХ-ны газрын дарга, анхны захирлуудын зөвлөлийн гишүүн Л.Энхтөр, Чөлөөт хэвлэл Сангийн Удирдах зөвлөлийн дарга асан Ж.Элбэгсайхан, МУ-ын зөвлөх инженер, ЧХС-ийн анхны ерөнхий инженер, гүйцэтгэх захирал асан Б.Галсандорж, МСНЭ-ийн ерөнхийлөгч, ЧХС-ийн анхны удирдах зөвлөлийн гишүүн Б.Галаарид, Монголын үндэсний номын сангийн захирал асан, ЧХС-ийн анхны удирдах зөвлөлийн гишүүн Г.Аким нарын зэрэг “Монгол дахь чөлөөт хараат бус хэвлэл” төслийн хүрээнд байгуулагдсан Сонины хэвлэх үйлдвэр сан буюу өнөөгийн Чөлөөт хэвлэл Санг үүсэн байгуулах, хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан хүмүүс хүндэт зочноор уригдан оролцов.

Холбоотой мэдээ