“Гурван мэргэд” захыг хаах шийдвэрийн хэрэгжилтийг цагаан сар хүртэл хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-13 17:10:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвд үйл ажиллагаагаа явуулдаг нутгийн иргэдийн хэлж заншсан хуучин зах буюу “Гурван мэргэд” захын үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар түр хаах шийдвэрийг аймгийн МХГ-аас гаргасан байна. 

Дээрх асуудлын шалтгаанаар тус захын түрээслэгчид бухимдаж, аймгийн Засаг даргатай уулзах хүсэлт тавьжээ. Энэхүү хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга Ш.Оргил тус түрээслэгчдийг өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тус захын түрээслэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг байна. Аймгийн Засаг дарга Ш.Оргил захын нийт түрээслэгчдийн хүсэлт, тэдний ар гэрийг хүндэтгэн, бодит нөхцөл байдалтай уялдуулж цагаан сар хүртэл захын үйл ажиллагааг хэвээр явуулж, хаах шийдвэрийг түр харзнах хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж өгөхөөр боллоо. Тэрээр “энэ захын оршин тогтнох эсэх нь түрээслэгчид болон захын удирдлагуудын харилцан ойлголцол бөгөөд та бүхнээс хамааралтай шүү” гэдгийг уулзалтын үеэрээ онцолж байв. Тиймээс ч энэ хугацаанд захынхаа орчин нөхцлийг сайжруулж, захын удирдлагын зүгээс хийж болох бүхий л үйл ажиллагааг авч ажиллах үүргийг өгчээ. Захын тухайд МХГ-ын хяналт шалгалтаар орчин нөхцөл бохир, ажиллах стандарт шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж чадахгүйн улмаас орчноо, ариун цэврийн нөхцөл байдлаа сайжруулах шаардлагыг удаа дараа авч байсан аж. Иймээс тус МХГ-аас ажиллуулах боломжгүй хэмээн дүгнэлт гаргажээ. Захын удирдлагуудын зүгээс гадна орчин болон доторх стандарт шаардлагуудыг хангаж ажиллах хэрэгтэйг мэргэжлийн байгууллага шаардаж байгаа юм. Уулзалтын үеэр аймгийн даргын зүгээс тухайн захын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайг засаж сайжруулах боломжтой тул Сүхбаатар сумын ирэх оны төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулган шийдэж өгнө хэмээн хэллээ. 

Холбоотой мэдээ