Нохой, муурны сав өндгөвчийг мэс заслын аргаар авахад 220 мянган төгрөг гэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт хэрэгжиж буй “Нохой, муурны үржлийг зогсоох” төслийн хүрээнд 2014-2015 онд эзэнгүй 5000 нохой устгаж 500 гаруй нохойны үржлийг зогсоожээ.
Үүнийг Баян-Өндөр сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг, ХААИС-ийн багш нартай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Харин энэ жилээс уг төслийг хувийн байгууллагатай хамтран хийхээр болжээ.
Орхон аймгийн гэр хороололд 14 мянган өрх байдаг. Нэг өрх хамгийн багадаа нэг нохойтой гэж үзвэл аймгийн хэмжээнд эзэнтэй болон эзэнгүй нохойны тоо их гарна. Төслийн багийнхан өнгөрсөн хугацаанд пайз зүүгээгүй нохойг шууд устгаж харин эзэнтэй нохойг эзнийх нь зөвшөөрлөөр үржлийг нь зогсоожээ. Үүнд 151 сая төгрөг зарцуулсан байна. Харин энэ жилээс дээрх төслийг хувийн эмнэлэгтэй хамтарч үргэлжлүүлэх бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж эхэлжээ. Тухайлбал, шинээр нээгдсэн “SOS ANIMAL HEALTH” эмнэлэгтэй хамтарна. Тус эмнэлэг өдөрт дунджаар 5-10 амьтанд мэс засал хийнэ. Ингэхдээ мууранд 70, нохойнд 110-120 мянган төгрөгөөр мэс засал хийх гэнэ. Харин сав, өндгөвчийг нь авахад 220 мянган төгрөг ажээ. Үнийг нь бууруулах талаар ярилцаж байгаа аж.
Б.Оюун-Эрдэнэ