Ерөнхийлөгч  В.Путин СТХ-ны тэргүүнийг  шинэ бүрэлдэхүүнээс хасчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-03-04 14:03:43

Ерөнхийлөгч В.Путин тус улсын   Сонгуулийн Төв хороог /СТХ/ бүрдүүлэх ерөнхийлөгчийн  квотыг бүрдүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа.

2007 оноос  Оросын СТХ-ны тэргүүний албан тушаалыг хашсан  Владимир Чуров орсонгүй. Шинэ бүрэлдэхүүнд  Хүний эрхийн Бүрэн эрхт төлөөлөгч Элла Памфилова, Төрийн думын депутат Василий Лихачёв, Шударга өрсөлдөөний  байгууллагын дэд тэргүүн Александр Кинёв болон СТХ-ны одоогийн бүрэлдэхүүнээс  Борис Эбзеев болон Евгений Шевченко нар оржээ.

Орос улсын СТХ -ны  одоогийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа энэ 3 дугаар сарын сүүлээр дуусч буй юм. Тус улсын Үндсэн хуульд зааснаар  Төрийн дум, Холбооны зөвлөл болон Ерөнхийлөгч нь СТХ-ны бүрэлдэхүүнд  өөрсдийн нэр дэвшигчдийг сонгох  ёстой аж. Иймд үүний өмнө  Оросын парламентын дээд, доод танхимаас өөрсдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг баталсан билээ. Оросын  СТХ-ны шинэ бүрэлдэхүүний 15 гишүүний   6 нь  өмнөх бүрэлдэхүүнээс улирч ажиллана.

Хэвлэлүүдийн бичиж буйгаар СТХ-ны тэргүүнээр Элла Памфилова томилогдож болзошгүй байна. Тэрбээр Зөвлөлт, Оросын төр-нийгмийн зүтгэлтэн, эрх зүйч мэргэжилтэй, СТХ –ны арвин туршлагатай нэгэн аж . Хатагтай Памфилова 2014 оноос ОХУ -ын Хүний эрхийн  Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй юм.

Оросын иргэд эл томилгоог  ирэх 9 дүгээр сард тус улсад болох  Төрийн думын ээлжит  сонгуультай холбон үзэж эерэгээр хүлээн авч байна.

Москва хот. А.Огторгуймаа

 

Холбоотой мэдээ