Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд радио долгионы үзүүлэх сөрөг нөлөөг хязгаарлана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-11-15 16:53:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд радио долгионы асуудлаар төрийн захиргааны болон төрийн бус байгууллагын эрх үүргийг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд радио долгионы үзүүлэх сөрөг нөлөөллийг хязгаарлах, радио давтамжийн ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нэр томьёог холбогдох олон улсын гэрээ, конвенци, Дэлхийн радио холбооны дүрэмтэй нийцүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна. Мөн Дэлхийн радио холбооны их хурал, бүсийн бэлтгэл хуралд бэлтгэх, радио долгионы улс хоорондын зохицуулалт хийх, шинэ техник, технологийг нэвтрүүлэх хандлага, хэрэгжүүлэх зарчмыг тогтоох, мэргэжлийн санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүнийг эрх зүйн байдлыг тодорхойлохоор төсөлд тусгасныг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Энэ үеэр А.Сүхбат гишүүн, “Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байна. Энэ үед мэдээллийн технологийн салбартай холбоотой хууль, тогтоолын төслийг нарийвчлан хэлэлцэх хэрэгтэй. Гэтэл одоо УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байна. Тиймээс гишүүдийн ирц бүрдсэний дараа энэ асуудлыг хэлэлцэх нь зөв” гэсэн санал гаргалаа. Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөж, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг маргааш буюу энэ сарын 16-нд үргэлжлүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ