Орост төгсөгчдийн дурсамжаар хоёр орны түүхийг өгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-15 17:37:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголоос ОХУ /ЗХУ/-д сургууль төгсөгчдийн /МАВСУЗ/ холбоо байгуулагдсаны 45 жилийн ойд зориулан “Сэтгэлд дотно Орос орон” ном уншигчдын гарт очлоо.


Энэхүү номноос МАВСУЗ холбоо тэртээ 1972 онд байгуулагдсан түүхийг мэдэж болно. Хуучин ЗХУ-д Монголын охид хөвгүүд Оросын олон их, дээд сургуульд мянга мянгаараа ид суралцаж байсан тухайн үеийн Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэгийн дэргэд байгуулсан байна.

ОХУ болон ЗХУ-д сургууль төгсөгчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, тэднийг гадаад, дотоодод төлөөлөх үндсэн зорилгоор ажилладаг МАВСУЗ /Монгольская Ассоциация Выпускников Советских Учебных Заведений/ холбооны ерөнхийлөгчөөр одоо УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, дэд ерөнхийлөгчөөр Найрамдлын нийгэмлэгүүдийн эвлэлийн дэд тэргүүн, Монгол Улсын Гавьяат багш Д.Цогзолмаа, гүйцэтгэх захирлаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч, “Сэтгэлд дотно Орос орон” номыг эмхэтгэн гаргасан А.Мандирмаа нар ажиллаж байна. Харин тус холбооны анхны даргаар Монолын их бичгийн хүн, академич Бямбын Ринчинг сонгож, дараа дараагийн тэргүүнээр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Ширэндэв, 1980-1990-ээд онд доктор профессор Ж.Батсуурь, С.Батмөнх нар ажиллаж байжээ.

Энэхүү номд ЗХУ-д сургууль төгссөн манай улсын эрдэмтэн, зүтгэлтнүүдийн дурсамж яриа, тэмдэглэл багтсанаас гадна Монгол-Орос орны харилцааны түүхийг өгүүлсэн байна. Тухайлбал, 1922 онд Монголоос анхны 15 охид, хөвгүүд Орос улсад суралцахаар хойд хөршид анхлан хөл тавьж эрдмийн их далайгаас шимтэн хүртсэний 95 жилийн түүхийн хугацаанд манай улсаас Орос улсад 60 гаруй мянган хүн их, дээд, тусгай мэргэжил эзэмшин эх орныхоо бүтээн байгуулалтын салбар бүрт ажиллаж ирсэн түүхийг тус номноос унших боломжтой. Энэхүү ном Монгол, Орос хэлээр гарчээ. 

Холбоотой мэдээ