“Арслан” хэмээх Г.Доржсамбуугийн хөрөг дурдатгалын ном хэвлэгдлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-11-16 16:53:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын тайз, дэлгэцийн урлагийн гарамгай зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны амьдрал, уран бүтээлийн тухай хөрөг дурсамжийн “Арслан” номыг “Зохист дорно” хэвлэлийн газраас эрхлэн гаргалаа.

Энэхүү номд найруулагч Г.Доржсамбуу агсны гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд болон мэргэжил нэгт найз нөхөд, хамтран зүтгэгчид, театр урлагийн зүтгэлтнүүд, шавь нарынх нь дурсамжийг хэлхэн зохиомжилж, хувь хүний намтрын сонин содон хуудаснаас эхлээд оюутан ахуй цаг, урлагт зүтгэсэн он жилүүд, театрын урлагт түүчээлсэн үе гээд амьдрал, уран бүтээлийнх нь бүрэн цогц товчооныг нийтлэл, уран сайхны аргаар бүтээжээ.

Ирэх жил нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 жилийн ой тохиох бөгөөд “Арслан” хөрөг дурсамжийн номыг уг ойд зориулан бүтээсэн юм байна.

Найруулагч Г.Доржсамбуу 1980-1990  оны үед Монголын театрын урлагийн нэгэн гол багана нь байж УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Энэ үедээ "Найрын ширээний ууц", "Нора", "Нийгмийн санаа", "Туйлшрал", "Альбин", "Цусан тахилга", "Өрлөг жанжны өчил" зэрэг олон арван жүжиг, "Найрын ширээний ууц", "Монголын гурван өдөр" уран сайхны кино найруулсан юм. Мөн тэрээр “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу”, “Ирэх хаврын цэцэг” зэрэг уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн юм.  

 

Холбоотой мэдээ