Залуу эрдэмтэд ахисан түвшний судалгааны үр дүнгээ танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-19 13:01:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-иас өнөөдөр “Ахисан түвшний судалгааны үр дүн-2018” эрдэм шинжилгээний хурлыг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ үеэр судлаачид БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлгийн хүрээнд хийсэн судалгааны ажлын шинэлэг үр дүнг танилцуулдаг уламжлалтай. Энэ нь тэтгэлгийг хүртээд 3-аас дээш жил болсон судлаачид судалгааны үр дүнгээ тайлагнаж байгаа учраас гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажлууд яригддаг.   

Энэ удаагийн хуралд 20 орчим илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тухайлбал, “Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх рентген туяагаар идэвхжүүлсэн вакцин”, “Судасны эндотель эсийн үйл ажиллагааг үнэлж, титэм судасны хатуурлаас үүдэлтэй хүндрэлээс сэргийлэх шинэ биомаркерийг оношлогоонд нэвтрүүлэх нь”, “Нас барсан болон гэмтэл үүссэн хугацааг шүүх эмнэлгийн шинжилгээний аргаар тогтоох асуудал”, ”Чихрийн шижин өвчтэй хүнд тохирсон гутал үйлдвэрлэлтэд шаардлагатай хөлийн өвчлөл ба морфологийн судалгаа”,  “Автозамын гадаргуу дээр үүсдэг эвдрэл, гэмтлийг урьдчилан сэргийлж, оношлох”, “Шар сүүний уураг үйлдвэрлэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх” гэсэн сонирхолтой илтгэл тавьсан юм. Эдгээрээс онцлоход “Армоно” корпорацийн судалгааны хүрээнд хийсэн бүх төрлийн гуталд хэрэглэж болох улавчны ач холбогдлыг хуралд оролцогчид сонирхож байлаа. Энэхүү улавч нь хөл холголт, эвэршилт, тавхайн буруу гишгэлт, чихрийн шижин өвчний улмаас хөлний шархлаа үүссэн зэрэг хөлөндөө янз бүрийн асуудалтай бүхий л хүнд хэрэглэх боломжтой бөгөөд энэ сарын 21-22-нд болох Шинжлэх ухаан, инновацийн үзэсгэлэн худалдааны үеэр олон нийтэд танилцуулна.  


Докторын дараах судалгааны тэтгэлэг нь залуу эрдэмтдийн судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн судалгааны ажлыг эхлүүлэх, оюуны өмчөөр баталгаажсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чиглэгддэг чухал ач холбогдолтой юм.  

Холбоотой мэдээ